Эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг нээлттэйгээр тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-01 14:54:32

Хэнтий /МОНЦАМЭ/ Дэлхийн эмч нарын өдрийг угтан Хэнтий аймгийн Эрүүл мэндийн салбар анх удаа шилдгүүдээ олон нийтийн санал асуулгаар тодрууллаа.

Тус аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан Хэнтийн мэдээ агентлагтай хамтран зохион байгуулсан "Эрүүл мэндийн салбарын шилдэг таван номинацийн эздийг тодруулах нээлттэй санал асуулга"-ыг гуравдугаар сарын 27-29-ний өдөр явуулсан юм.

Нийт таван номинацид 12 эмч нэр дэвшсэнээс “Судлаач эмч”-ээр Бэрх сум дундын эмнэлгийн хүүхдийн их эмч Я.Дарьбазар, “Ёс зүйтэй эмч”-ээр Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн их эмч Э.Ган-Эрдэнэ, “Манлайлагч эмч”-ээр Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч Ц.Эрдэнэцэцэг, “Шинийг санаачлагч эмч”-ээр Нэгдсэн эмнэлгийн гэмтэл согог, мэс заслын эмч Н.Батзаяа, “Мэргэжлийн ур чадвартай эмч”-ээр Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны их эмч Я.Аюуш нар тус тус шалгарлаа.

Ийнхүү Хэнтий аймгийн Эрүүл мэндийн салбарын Шилдэг таван номинацийн эздийг тодруулах санал асуулгын 50 хувийг анх удаа нээлттэйгээр khentiinews.mn сайт болон тусгай дугаарын мессеж саналаар иргэдээс авсан бол, 50 хувийг комиссын бүрэлдэхүүний санал, шийдвэрийг үндэслэн шалгаруулав. Дээрх санал асуулгад давхардсан тоогоор 12441 хүн  оролцсон байна.

Сонирхуулахад, таван номинацид нэр дэвшсэн 12 эмч зөвхөн Хэнтийн мэдээ сонин фэйсбүүк хуудсаар дамжуулан 53 цагийн дотор давхардсан тоогоор иргэдээс нийт 3361 лайк, 1406 шэйр, 1193 сэтгэгдэл авчээ. Үүгээрээ тус арга хэмжээ маш олон хүний анхаарлыг татсан, оролцоог хангасан үйл ажиллагаа боллоо хэмээн зохион байгуулагчид үзэж байна.


 

Related news