Хэнтий аймгийн ИТХ өнгөрсөн оны ажлаа тайлагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-01-17 11:22:17

Хэнтий /МОНЦАМЭ Хэнтий аймгийн ИТХ өнгөрсөн жилийн ажлаа иргэддээ тайлагналаа.

Аймгийн ИТХ жил 2018 онд гурван удаа удаа хуралдаж, аймаг, орны нийгэм, эдийн засаг, хөгжил дэвшлийн асуудлыг иргэд олон нийтийнхээ оролцоонд тулгуурлан шийдвэрлэжээ.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралдааныг 19 удаа хуралдуулж, Хурлын байгууллагын өдөр тутмын удирдлагыг хэрэгжүүлэн 69 тогтоол батлан, хэрэгжилтийг ханган ажилласан байна.

Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох, Хэнтийгээ дэмжих зорилтынхоо хүрээнд 2018 онд Хан Хэнтий нутгийн зохиолчдын бүтээлийн эмхэтгэл болох “Хан Хэнтийн салхи” номыг аймгийн Засаг дарга, “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийн уран бүтээлчдийн дэмжлэгтэй бүтээн туурвижээ.

Мөн “Бүтээлч уншлагын аймгийн уралдаан”-ыг зохион байгуулж, шалгарсан уншигчдыг БНХАУ-ын Тяньжин хотын “Бинхайн нүд” хэмээх дэлхийд гайхагдсан алдарт соёлын төвд аялуулсан нь улсын хэмжээний онцлог ажил болж, нийгмийн салбар, иргэд, уншигчдын талархлыг хүлээсэн юм. Аймгийн ИТХ-аас санаачлан Хэнтий аймаг Монгол Улсын халуун гал голомт, “Монголын нууц товчоо”-ны түүхэн нутаг болохын хувьд “Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ” анхдугаар уралдааныг зохион байгуулж, төрт ёсны түүх, бахархал, үнэт зүйлээ тодотголоо. Иргэд, хүүхэд багачуудынхаа оролцоог хангах зорилгоор Хан Хэнтий нутгаа магтан дуулсан шүлгийг цээжлүүлэх ажлыг зохион байгуулж, энэ ажилд 22 сум суурин газрын 24 сургуулийн сурагчид оролцов. Мөн тэдний саналыг сонсох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр “Миний Хэнтий-Мини Хурал” зорилтот ажлыг хийлээ. Оюуны спорт шатар, даамыг хөгжүүлэх “Даам, шатарчин өрх, байгууллага, хамт олон” хөдөлгөөнийг өрнүүлж, оюуны спортыг дэмжих, тэмцээн уралдааны тоог нэмэгдүүлэх чиглэлд ажлаа улам эрчимжүүлжээ.


Уламжлалт ажил болсон "Зохиолч-Уншигчдын уулзалт”, илтгэл лекц уншуулах ажлыг лектор Г.Бандицэрэн, МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн дарга, МУСГЗ, зохиолч До.Цэнджав нарыг оролцуулан зохион байгуулсан нь иргэдээ соён гэгээрүүлэх, эерэг хандлага, зөв амьдралын хэмнэлд уриалан дуудаж байгаа ажил гэдгийг онцолсон юм. 

2019 онд тус аймгийн ИТХ “Оюунлаг Хэнтийчүүд”-ээ шалгаруулж, баталсан төсөв, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг нягт тооцно гэдгээ илэрхийллээ. Мөн иргэдийнхээ өмнө амласан, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын хамрах хүрээ, чанар, хүртээмж, сэтгэл ханамжийн түвшинд хэрэглэгчийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагын үнэлэлт дүгнэлт хийлгүүлж, сонгогдож, томилогдсон албан тушаалтнуудын ажлын хариуцлага, эргэх холбоо, ажлын уялдааг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана гэв.

 

 

Related news