Хэнтийн Баянхутаг суманд адууны халдварт өвчин гарсан байж болзошгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнд багтдаг, мэргэжлийн байгууллагын удирдлагууд шуурхай хуралдлаа. Хуралдаанаар Баянхутаг сумын нутагт адууны халдварт “Хачигийн халуун” /бабезиоз/ өвчний шинж тэмдэг илэрсэн гэх мэдээллийг үндэслэн хэлэлцэж, холбогдох чиг үүргийг аймгийн МХГ, Мал эмнэлгийн газарт өглөө.
Тухайлбал, аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар чиг үүрэгтээ мэргэжлийн байгууллагууд, газар дээр нь очиж, өвчнийг шинжлэн тогтоох, онош нь эргэлзээтэй байгаа тул ойр орчмын малчдын малаас дээж авч, шинжилгээ хийх, Дорнод, Сүхбаатар аймгуудтай хил залгаа сумдын нутаг дэвсгэрт өвөлжиж буй малчдын адуунд тандалт судалгаа хийх, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, цахим орчинд түгээж, иргэд, ААН байгууллагуудад хүргэхийг үүрэг болголоо.
Мэдээллээс үзэхэд Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумын нутагт гарч буй адууны халдварт өвчний хэвшил, оношийг эцэслэн тогтоож, нэгдсэн дүгнэлтэд хүрээгүйн улмаас өвчний тархалтын эсрэг оновчтой арга хэмжээ аваагүй аж. Өвчилсөн малын махыг хүнсэнд хэрэглэх эсэх асуудалд мэргэжлийн байгууллага харилцан адилгүй байр суурь илэрхийлж, малчид төв суурин газруудад хямд үнээр худалдан борлуулах явдал гарч байна.
Тиймээс малчид, мал бүхий иргэдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа Мал эмнэлгийн газарт хандахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.