Баянхонгорын тэмээчдийг “гадуурхжээ”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-11 10:08:54

“Монгол тэмээ-999" Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох тэмээний уралдаан Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болжээ. Уралдаанд 1115 тэмээ гараанаас  гарч уралдан 1108 тэмээ барианд орсноор Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тус уралдаанд Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгийн хурдан тэмээчид оролцохоор очсон ч Баянхонгорын тэмээнүүдийг уралдуулаагүй байна.

Баянхонгор аймгийн тэмээчид арга хэмжээний сүүлийн өдөр Өмнөговь аймгийн нутгийн удирдлагын ордны үүдэнд жагсаал хийжээ.

Тодруулбал, 1000 тэмээ уралдуулах тус үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн 100 гаруй тэмээг уралдуулахгүй, уралдаанаас хассан гэж тэд эсэргүүцлээ илэрхийлсэн аж. Харин Өмнөговь аймгийн удирдлагуудын зүгээс дээрх асуудлыг тайлбарлахдаа, “Энэхүү арга хэмжээ нь “Монгол тэмээ” гэж онцолсон бөгөөд тэмээний уралдааны техникийн зөвлөлгөөн дээр хавтгайн эрлийз тэмээ уралдуулахгүй гэдгийг сануулсан. Монгол тэмээгээ ялгаад зохион байгуулалтайгаар аваад ир гэсэн боловч бүгд оролцоно гэсэн учир Баянхонгорын тэмээг нийтэд нь хассан” хэмээн мэдэгджээ. Мөн тэдний хэлснээр Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён зэрэг баруун талын сумдаас хавтгайн эрлийз тэмээ ирсэн ч уралдаанд оролцоогүй юм байна. Харин Баянхонгор аймгийн тэмээчид Өмнөговь аймгийн удирдлагуудын тайлбарыг үгүйсгэж, Гурвантэс, Ноён зэрэг сумдын эрлийз тэмээг уралдуулан, жалга довны үзэл гаргасан хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн аж.

Сонирхуулахад, Урьд нь Өвөр Монголд 560 тэмээ уралдуулж Гиннесийн номонд бүртгүүлж байжээ.

Б.Мөнхзул

 

 

 

Related news