Мотоциклиор замын хөдөлгөөнд оролцохыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-02 16:43:46

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин захирамж гаргаж мотоциклиор замын хөдөлгөөнд оролцохыг нэгдүгээр сарын 02-ноос хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хориглолоо.

Өвлийн хүйтэн цагт халтиргаа гулгаанаас болгоомжлох, замын хөдөлгөөнд механикжсан тээврийн хэрэгслээр оролцогчдын эрүүл мэнд, учирч болох хор хохирол, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ийм шийдвэр гаргасан байна.

Зөвхөн нэг жишээ дурдахад Дорноговь аймгийн нутгаар улсын чанартай босоо тэнхлэгийн хатуу хучилттай замын 40 гаруй хувь буюу 408 километр зам дайрдаг учраас авто тээврийн ослын улмаас хүн нас барсан гэмтсэн ослуудын 80 хувь энэ замд гарсан нь судалгаагаар батлагджээ.

Тиймээс аймгийн төв, хот хооронд болон орон нутгийн замд дээрх хугацаанд мотоциклиор зорчихгүй болохыг Дорноговийн иргэдэд анхааруулж буй.

Өвлийн улиралд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэх, зам тээврийн осол хэрэг, зөрчлийн талаарх бодит байдлын мэдээллийг иргэдэд өгч аюулгүй байдлыг хангаж, хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэж ажиллах талаар холбогдох албаныханд үүрэг болгосон байна.  

Related news