Музейн сан хөмрөгийг тоолж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-02 15:57:20

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төв музейн үзмэрүүдээ өнгөрөгч 12 дугаар сарын сүүлчээс эхлэн  тоолж эхэлжээ.

"Музейн үзмэрүүдээ жил бүр шинэ сонин үзмэрүүдээр баяжуулдаг төдийгүй өмнөхөө сэргээн засварлах, шинэчлэх гээд  ажил их байдаг тул зайлшгүй тоолж бүртгэлжүүлэх шаардлагатай" гэж Сан хөмрөгч Г.Сарангэрэл өгүүлэв. Анх 1949 онд аймгийн орон нутаг судлах кабинет Сайншандад албан ёсоор буй болж үзмэрийн сангаа олон нийтэд дэлгэснээс хойш жилээс жилд баяжуулан өдгөө  зургаан танхимд нийт 6000 гаруй үзмэр дэлгэн тавьдаг болжээ.

Дашрамд дурдахад Музейн ажилтнууд 2018 онд үзмэрийнхээ гол танхимын нэгийг сэргээн засварлаж эртний аварга сүүн тэжээлтэн, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутан амьтдын тухай сонирхолтой үзмэрээр шинэчлэн баяжуулж олны хүртээл болгосон, аймгийн ихэнх сумдад нүүдлийн музей ажиллуулсан, музейн барилгаа иж бүрнээр засварласан гээд олон шинэлэг ажлыг хийжээ. Музейн тооллого нэгдүгээр сарыг дуустал үргэлжилнэ. 

Related news