Иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 14:47:34

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо Нутгийн захиргааны ордны хурлын их танхимд энэ сарын 4-ний өдөр Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор профессор Н.Лүндэндорж Архангай аймгийн иргэдтэй Шүүх засаглалын шинэчлэлийн сэдвээр уулзалт зохиолоо.  

Энэхүү уулзалтанд ирсэн хүмүүс танхимд багтахгүй зарим нь коридорт зогсон Шүүх засаглалын тэргүүний яриаг чих тавин сонсож байлаа.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор профессор Н.Лүндэндорж Хэнтий, Сүхбаатар аймгаас эхлээд Эх орноо тойрон иргэдтэйгээ уулзан санаа бодлыг сонсож, орон нутгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж яваа нь энэ ажээ. 

Тэрээр, Монгол Улсад шүүхийн шинэчлэлийг яагаад хийх болсон, гурван жилийн хугацаанд ямар үр дүнд хүрсэн зэргийг тоо баримт үндэслэлтэйгээр хүмүүсийн ой тойнд хүртэл ойлгууллаа. Шудрага шүүхгүй улс оронд хууль засагладаггүй, улс орон хөгждөггүй, авлига цэцэглэж, жирийн иргэний өмч хөрөнгө амь нас баталгаагүй болдог аюултайг онцоллоо. Шинэчлэл гэдэг бол буугүй хувьсгал юм. Банк, Шүүх хоёр бол олон нийтийн итгэл дээр тогтдог гээд Н.Лүндэндорж дарга гурван жилийн өмнө Монголын шүүх ямар дорой буурай байсныг судалгаан дээр үндэслэн дурьдлаа.

Монголын шүүхийг засахгүй бол шүүх Монгол Улсыг дампууруулах байсан гэж түүний хийсэн дүгнэлттэй олон хүний санаа сэтгэл нийцсэн нь илт байлаа.

Судалгаанаас үзэхэд, 2007 онд иргэдийн шүүхэд итгэдэг хувь нь 28 байсан бол шүүхийн шинэтгэлийн үр дүнд шүүх үйлчлүүлсэн хүмүүсийн 81,4, шүүхээр үйлчлүүлээгүй иргэдийн 60,6 хувь нь шүүхэд итгэж байна гэж өөрчлөгджээ.

Уулзалтан дээр 64 жил шүүхэд ажилласан өндөр настан Даваа, Хайрхан сумын харъяат малчин Дорж, аймгийн ИТХ-ын ажилтан Чулуунхүү нарын зэрэг иргэд санал бодлоо илэрхийлж Архангай аймгийн шүүх үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хэл амгүй явуулж байгааг сайшаалаа. 

Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор профессор Н. Лүндэндорж Архангай аймгийн иргэдтэй уулзсан уулзалт дээрээ цаашид хийх ажил нэлээд байгаагаа хэлсэн юм.  Тухайлбал, одоо ажиллаж байгаа 495 шүүгчийнхээ ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх хөдөө орон нутгийн шүүхийн байрыг эрхэмсэг оршихуй хангахуйц болгох зэрэг зорилт байгааг мэдээллээ. Тэрээр, Шүүхийн шинэчлэлийн хүрээнд цаашид хийх тулгамдсан ажил нэлээд бий. Үүнийгээ бид дотроо ярилцана гэв.

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд 10 үр дүн гарчээ

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилсан Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхийн эрх зүй, бие даасан байдал, хараат бус байдал, аюулгүй байдал, эдийн засаг, мэргэшсэн шүүх шүүгч, нээлттэй шүүх, эвлэрүүлэн зуучлал, хүний нөөцийн шинэтгэл, шүүхэд итгэх итгэлд үр дүн гарсан гэж Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга олон нийтэд танилцууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцууллагаас үзэхэд, Шүүгчийг сонгон шалгаруулах шалгуурыг хуульчилж хүнээс хамгийн бага хамааралтай шалгаруулах тогтолцоог бүрдүүлжээ.

Шүүгчийн ачааллыг бууруулж орон тоог 60 хувь нэмэгдүүлснээр шийдвэрийн чанар сайжрах нөхцөл бүрэлджээ. Монгол Улсын төрийн албан хаагчдаас шүүгч хамгийн өндөр цалинтай болов.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг сахин хамгаалах бие даасан шинэ институт   болох тахарын алба буюу “шүүхийн цагдаа” бий болжээ.

Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх шинэ арга нэвтрүүлснээр иргэд хоорондын эвсэг уур амьсгалыг бүрдүүлж нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэх нөхцөл бий болсон байна.

Шүүх эрх мэдлийн эрх зүйн үндэс Монгол Улсын түүхэнд анх удаагаа цогцоор бий болсон явдал түүхэн үзэгдэл аж.

Нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг тогтолцоонд шилжснээр шүүгч дотоод гадаад нөлөөнөөс хамгаалагджээ. Өөрөөр хэлбэл, шүүгчид Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, эхнэр нөхөр, аав ээж хадам, танил тал анд нөхөд хэн ч түүний шүүх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хоригложээ гэсэн үг аж. Шүүгчид нөлөөлсөн аливаа итгээдэд хариуцлага тооцох механизм процессыг бий болгожээ.

Шүүхэд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх  бололцоог бүрдүүлжээ.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга иргэдтэй уулзалт хийснийхээ дараа аймгийн шүүхийн ахуй байдалтай танилцан Шүүх засаглалын ажилтнуудтай тусад нь уулзаж хөлгийн жолоог  Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн зүг заллаа.

Архангай аймаг  Л Булган

 

Related news