Урьдчилан сэргийлэх үнэ төлбөргүй үзлэг ирэх сарын 15-нд дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-11-27 10:09:33

Хэнтий /МОНЦАМЭ/ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу даатгуулагчийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношлогоо шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах багцын үзлэг ирэх сарын 15-нд дуусна.


Хэнтий аймагт урьдчилан сэргийлэх үзлэг хийх эрхийг Нэгдсэн эмнэлэг, Бор-Өндөр, Бэрх, Биндэр сум дундын эмнэлгүүд авсан бөгөөд үзлэгт хамрагдсан иргэдийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сан санхүүжүүлэх юм байна.


Тус аймгийн Эрүүл мэндийн газар үзлэг шинжилгээнд иргэдийг хэрхэн хамруулж байгаа талаар хяналт тавьж ажиллахаас гадна сумдын ЗДТГ, сум дундын эмнэлгүүдэд давхар хяналт тавьж хамтарч ажиллахаар чиглэл хүргүүлсэн байна.


Энэхүү үзлэг, шинжилгээг хүн амын дунд зонхилон тохиолддог халдварт бус өвчин, ялангуяа зүрх судасны өвчин хавдрын өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх монгол хүний дундаж наслалтыг уртасгах, халдварт бус өвчний нас баралтыг бууруулах зорилгоор хоёр дах жилдээ зохион байгуулж байна.


Үзлэгт 18-аас дээш насны, эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн иргэд хамрагдах бөгөөд өөрийн насны ангиллын багцад хамаарах шинжилгээг өгнө. Харин 46-аас дээш насны иргэд хоёр төрлийн багцаас сонгон үйлчлүүлэх боломжтой. Тодруулбал 18-34 насныханд БЗДХ, сүрьеэгийн илрүүлэг үзлэг хийнэ. Учир нь улсын хэмжээнд БЗДХ сүүлийн таван жилд тууштай буурахгүй, нийт халдварт өвчний 28-40 гаруй хувийг тогтмол эзэлж байгаа ажээ.


Харин 46-64, 65-аас дээш насныханд урьдчилан сэргийлэх ерөнхий эсвэл өөрсдийн эрүүл мэндийн эрсдэлд тулгуурлан хавдрын чиглэлийн багцыг сонгож үзлэг оношлогоонд хамрагдана. Бүх насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэл, халдварт бус өвчний үнэлгээ хийхээс гадна харъяалал харгалзахгүй учраас тухайн иргэн өөрт ойр байрлах эрх авсан эрүүл мэндийн байгууллагад хандах боломжтой юм.


Өнгөрсөн жилийн хувьд 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээний зардлын төлбөрийг даатгалын сангаас хариуцаж тус бүр нь 50,000 төгрөгийн үнэтэй гурван төрлийн багцаас сонгон үйлчлүүлж байсан юм. Энэхүү үзлэг оношлогоог 2020 он хүртэл жил бүр зохион байгуулах аж.


Тиймээс тухайн насны даатгуулагчдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээндээ товлолт хугацаанд хамрагдахыг Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас уриалж байна.

Related news