Бүс нутгуудын найрсаг харилцааг тогтоох тухай гэрээнд гарын үсэг зуржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-11-17 12:45:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат энэ сарын 14-16-ны өдрүүдэд БНХАУ-ын Хүбэй мужийн У Хань хотод болсон Олон улсын найрамдалт хотуудын их хуралд оролцлоо. 

Тус их хуралд  дэлхийн 60 улсын 800  орчим төлөөлөгч оролцжээ. Дархан-Уул аймаг, ӨМӨЗО-ны У Хай хотын хооронд тогтоосон найрсаг харилцааг баталгаажуулж, бүс нутгуудын найрсаг харилцааг тогтоох тухай гэрээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Ухай хотын дарга Гао Ши Хун нар гарын үсэг зурсан байна.

Мөн аймгийн Засаг дарга С.Насанбат БНХАУ-ын ардын гадаадтай харилцах нийгэмлэгийн орлогч дарга, хатагтай Лин И-тэй уулзаж, цаашид Хятадын зүүн болон өмнөд бүс нутгийн муж, хотуудтай найрсаг харилцааг хөгжүүлэх талаар санал солилцож, тус нийгэмлэгийн удирдлагуудыг тааламжтай үедээ Дархан-Уул аймагт зочлон ирэхийг урьжээ.

2008 онд анх чуулснаас хойш хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагдаж байгаа энэ хурал нь БНХАУ-ын муж, хот, орон нутгууд дэлхийн олон улсын муж, хот, орон нутагтай харилцах харилцааныхаа төлөв байдлыг нэгтгэн дүгнэж, цаашдын харилцааны хөгжлийн үндсэн чиг баримжааг тогтоодог чухал ач холбогдолтой үйл явдал юм.

Хурлаас "У Ханы тунхаглал" хэмээх баримт бичиг гаргажээ. Уг тунхаглалд олон улсын найрамдалт хотууд өөр өөрийн хөгжлийн онцлог, уламжлалт давуу талаа хадгалахын зэрэгцээ шинэ хөгжлийн өнгө төрхийг эрэлхийлж, тус тусын тулгарсан асуудал сорилтыг шийдвэрлэн, хотыг орчин үеийн хот болгон өөрчлөн хөгжүүлэх (модернизаци), олон улстай худалдаа, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг олон салбарт харилцан үр ашигтай хамтран ажиллах (интернационализаци), ногоон хөгжлийг эрхэмлэж, байгаль орчны бохирдлыг арилган, хотын оршин суугчид амьдралын хамгийн таатай орчныг бий болгохын төлөө хамтран ажиллах талаар тунхаглан зарлажээ.

 


Related news