Хог хаягдлын тээвэрлэлтийг хот тохижилтын албанд шилжүүлэхээр болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь хотынхны усны хангамж, хог хаягдлын тээвэрлэлтийг “Дундговь- Ус” ОНӨҮГ хариуцан ажилладаг. Харин энэ сараас эхлэн хог хаягдлын тээвэрлэлтийг тус байгууллагаас Мандалговь хотын тохижилт үйлчилгээний албанд шилжүүлэх тухай шийдвэрийг аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид гаргажээ.
Мандалговь хотын тохижилт үйлчилгээний албанд хог хаягдлын менежментийг хариуцуулж, тус албыг өргөтгөн Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай хэдэн жилийн өмнөөс яригдаж байгаа ч шийдвэртэй алхам хийгээгүй, хоёр байгууллагын дунд хотын хог хаягдлын асуудал орхигдсон байдалтай, өдийг хүртэл хог хаягдлын талаар баримтлах тогтвортой менежментгүй явж ирсэн байна. Тиймээс энэ асуудлыг нэг тийш шийдэхийн тулд дээрх тогтоолыг гаргажээ.
Хог хаягдлын тээвэрлэлтийг ашиглагдаж байгаа техник болон холбогдох хөрөнгөтэй нь хот тохижилтын албанд бүрэн шилжүүлнэ. Ингэснээр “Дундговь-Ус” ОНӨҮГ бусад аймгийн жишгээр зөвхөн ус хангамжийн үйлчилгээг хариуцан ажиллахаар болжээ.
Т. Отгонтуяа