Улсын физикийн олимпиад Мандалговьд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-16 13:51:12

Ирэх дөрөвдүгээр сард Улсын физикийн олимпиад Мандалговь хотод болно. Олимпиадыг Мандалговь хотод зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар томилоод байгаа бөгөөд ажлын хэсгийг аймгийн Засаг дарга ахалжээ.

Олимпиад зохион байгуулах бэлтгэл ажлын талаар Боловсрол, соёлын газрын дарга Ц. Бумангэрэлээс тодруулахад, ажлыг хэсэг хараахан хуралдаагүй учраас одоогоор эхэлсэн ажил байхгүй байгааг хэллээ. Ажлын хэсгээс төлөвлөгөө гарч батлагдсаны дагуу бэлтгэл хангаж эхлэх юм байна.  

Харин өөрийн орон нутагт улсын олимпиад зохион байгуулж байгаагийн хувьд багш, сурагчдаа олимпиадад амжилт гаргахад нь туслах зорилгоор 14 хоног тутамд Улаанбаатар хотоос физикийн тэргүүлэх зэргийн багш нарыг урьж, сургалт явуулж байгаа гэлээ.

Өнгөрөгч аравдугаар сараас хойш 4 удаагийн сургалтад нийт 180 гаруй багш, сурагч хамрагдаж, физикийн хичээлийн мэдлэгээ гүнзгийрүүлсэн байна. Сургалтыг олимпиад болтол үргэлжлүүлэх ажээ.

Т. Отгонтуяа

 

Related news