Эм найруулдаг сав нянгийн бохирдолтой байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-21 18:32:49

Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар Дундговь аймаг дахь “Монос” эмийн санд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн байна.Шалгалтын явцад эрүүл ахуйн дэглэм алдагдсан арав гаруй зөрчил илэрсэн бөгөөд зөрчлөө арилгах албан шаардлагыг тус байгууллагад хүргүүлж байгаа ажээ.

Иргэдээс ирсэн гомдол нь тус эмийн сан нэрмэл усаар эмээ найруулахгүй байна гэсэн бөгөөд хяналт шалгалт хийхэд эмээ нэрмэл усаар найруулж байсан. Гэхдээ эм найруулах явцад эрүүл ахуйн дэглэм алдагдсан гэдгийг шинжилгээгээр тогтоосон байна.

Тодруулбал, эмийн сангийн дотоод бэлдмэл бэлтгэхэд ашигладаг шилэн сав болон эм найруулагчийн гарнаас арчдас авч, мөн эм найруулдаг нэрмэл уснаас мөн дээж авч лаборторид шинжлүүлэхэд 40 хувь нь нянгийн бохирдолтой гарчээ.

 Зөрчлөө арилгах хүртэл тус эмийн сангийн эм найруулах үйл ажиллагааг түр зогсоосон гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б. Мөнгөнцэцэг хэллээ.

Т. Отгонтуяа

 

Related news