Хүн амын 19 хувь газраа өмчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймагт газар өмчилсөн иргэдийн тоо нийт хүн амын 19.6 хувийг эзэлж байна. Өнгөрөгч онд 1872 иргэнд 149 га газар өмчлүүлэхээр төлөвлөснөөс 1549 иргэнд 120 га газар өмчлүүлсэн бөгөөд энэ нь арван жилийн өмнөх үеийн газар өмчлөлтэй дөхсөн үзүүлэлт болжээ.
Өөрөөр хэлбэл,2003 онд газар өмчлүүлж эхэлснээс хойших арав гаруй жилийн хугацаанд газар өмчилсөн иргэдийн тоо нэг мянгаас дээш гарсан тохиолдол 2005 онд л тохиож байсан байна. Тэр онд 1600 иргэн 164 га газар өмчилж байсан бол өнгөрсөн онд мөн газар өмчлөгч иргэдийн тоо ийнхүү нэг мянга хол давжээ.
Хөдөөгийн сумдаас Эрдэнэдалайд хамгийн олон буюу 1200 иргэн газраа өмчилсөн нь нийт хүн амынх нь 22 хувь болж байгаа бол 9 суманд газар өмчлөл 10- 20, 4 суманд 5- 9 хувьтай байна.
Харин аймгийн төвд 4734 иргэн газраа өмчилсөн бөгөөд энэ нь аймгийн төвийн харъяалал бүхий хүн амын 34 хувь болж байгаа юм.
Эдгээр үзүүлэлтийг нэгтгэж үзэхэд аймгийн хэмжээнд нийт 44200 хүн амын 8700 гаруй нь газар өмчилж авчээ.
Дундговь Т. Отгонтуяа