Сайн дурын даатгуулагчдын эгнээ өргөжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-04 21:34:14

Өнгөрөгч онд сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид нэмэгдэж, 8.7 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 8.8 тэрбум болж давж биелсэн байна. Үүн дотор сайн дурын шимтгэл төлөлтөөс 742 сая төгрөгийн орлого төвлөрөх байсан нь 837 сая бол 112 хувиар давжээ.

Сайн дурын даатгуулагчдыг хэрхэн нэмэгдүүлсэн талаар Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ч. Баяраа хэлэхдээ, худалдаа үйлчилгээний төвүүдэд лангуу түрээслэн ажилладаг иргэд, такси үйлчилгээ эрхлэгч, мах, түүхий эдийн ченж, ресторан цайны газар ажиллуулдаг иргэд урьд нь сайн дурын даатгалд хамрагдаагүй байсан. Тэдэнтэй нэг бүрчлэн уулзаж, мэдээлэл хүргэснээр нийгмийн даатгалын шимтгэл төлөхийн ач холбогдлыг ойлгуулж, даатгалд хамруулж чадсан гэлээ.

Хувиараа бизнес эрхлэгчид, хувийн хэвшилд ажиллагсадын ажлын байрны тогтвор суурьшлаас шалтгаалан сайн дурын даатгуулагчдын шимтгэл төлөлт хэвшиж чадахгүй байх нь олонтаа байдаг байна. Тиймээс сайн дурын даатгуулагчдын гар утасны дугаарыг бүртгэн авч, даатгалаа төлөхийг утсаар сануулж хэлдэг болжээ. Үүний үр дүнд өнгөрсөн онд сайн дурын даатгуулагчдын шимтгэл төлөлт тогтвортой, орлогын төлөвлөгөө ийнхүү давж биелснийг Нийгмийн даатгалын хэлтэс онцолж байна.

 2015 оны эцэс гэхэд Дундговь аймаг 6350 заавал даатгуулагч, 3915 сайн дурын даатгуулагчтай болсон бөгөөд ирэх онд малчдын сайн дурын даатгалд хамрагдалтыг ахиулж, иргэд даатгалаа гар утаснаасаа төлдөг болох нөхцлийг бүрдүүлэх нь Нийгмийн даатгалын хэлтэс зорилго болж байгаа ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news