Хүүхдэд зориулсан олон нийтийн үйл ажиллагааг түр хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬТомуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан Дундговь аймгийн төвд хүүхдэд зориулсан олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар түр хориглолоо. Ийм захирамжийг Сайнцагаан сумын Засаг дарга М. Баянсан гаргасан байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн амбулаторын үзлэгийн арав орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бөгөөд томуугаар өвчлөгсөдийн 96 хувь нь 14 хүртэлх насны хүүхэд, үүн дотор 4 хүртэлх насны хүүхэд 73 хувийг эзэлж байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байгаа юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 30 шахам хувь уушгины үрэвслийн шалтгаантай гэж бүртгэгджээ.
Ханиад томуу ийнхүү ихсэж байгаа тул шинэ жилийн баяр дөхөж, нийтийг хамарсан үйл ажиллагаа олширч байгаа энэ үед томуугийн дэгдэлтийг газар авахуулахаас сэргийлэх зорилгоор дээрхи хориог ийнхүү тогтоосон байна.
Захирамж гарсантай холбогдуулан энэ сарын 24- 26- ны өдөр товлогдоод байсан хүүхдийн Харшийн сүлд модны наадам цуцлагджээ.
Дундговь Т. Отгонтуяа