Хог хаягдлаа цэгцлэх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-11 11:11:24

Ирэх онд аймгийн төвийн хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ гэж Мандалговь хотын захирагч М.Баянсан хэллээ.

Он удаан жилийн турш Мандалговь хотынхонд тулгамдсаар ирсэн нэг асуудал бол хотын хог хаягдал юм. Яавал хогийн менежментийг оновчтой голдрилд оруулж чадах вэ гэдэг дээр  бусад аймгуудаас туршлага судалж судалж эцэст нь Тохижилт үйлчилгээний компани байгуулах нь зүйтэй юм гэж  Мандалговь хотын захирагчийн алба санаа нэгтгэсэн байдаг. Гэвч одоо хэр нь ТҮК ч үгүй, хогийн оновчтой менежмент ч үгүй явсаар байгаа юм.

Өнөөдрийн байдлаар хог тээвэрлэгч машин нь Мандалговь хотын захирагчийн албаны өмч, хог ачиж хураамжаа авах нь “Дундговь- Ус” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үүрэгтэйгээр ажиллаж байна.  Нэг үгээр хэлэхэд хог хаягдлын асуудал Мандалговь хотын хувьд нэгдсэн зохион байгуулалтгүй, хоёр байгууллагын хооронд орхигдсон байдалтай байгаа юм.

Оновчтой хувилбар гэж сонгосон ТҮК- ээ байгуулахад ямар бэрхшээл байгааг хотын захирагчаас лавлахад, “ТҮК байгуулахын тулд сайн машин техник хэрэгтэй байгаа юм. Гэтэл өнөөдөр хог хаягдал ачиж тээвэрлэдэг бүрэн бүтэн машин нэг ч байхгүй, эвдрэл ихтэй, урсгал зардал ихээр шаарддаг тул техникийн шинэчлэл хийхгүйгээр ТҮК байгуулна гэдэг хэцүү. Хоёрдугаарт, хэрвээ ТҮК байгуулбал Мандалговь хотын тохижилт үйлчилгээний албанд хуваарилдаг 60 гаруй сая төгрөгийн төсвийг өгөхгүй, ТҮК- ийнхээ орлогоор ажиллах хэрэгтэй гэдгийг Санхүү, Төрийн сангийн хэлтэс хэлээд байгаа болохоор энэ ажил зогсонги байдалтай байгаа юм” гэлээ. Гэхдээ ирэх онд хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөө боловсруулах ТҮК байгуулах тухай асуудал дахин яригдах тул үүнийг аль болох нааштайгаар эхлүүлнэ гэв.

Дундговь Т. Отгонтуяа

 

Related news