“Хөнгөн атлетик”-ийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-09-15 15:09:46
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан хотын унаган охин Мядагмаагийн Отгонтуяагийн нэрэмжит хөнгөн атлетикийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Хөнгөн атлетикийн тэмцээнд Улаанбаатар хотын клубуудээс гадна Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий зэрэг 13 аймгийн 17 багийн 230 гаруй тамирчид гүйлтийн 14 төрлөөр өрсөлдөж байна.
Спортын мастер М.Отгонтуяа нь 1993 онд Дархан-Уул аймгийн 10 жилийн 3 дугаар сургуулийг төгссөн бөгөөд улсын аваргад 10 удаа тэргүүлж байжээ. 1998 оноос хөнгөн атлетикийн багш, мэргэжилтнээр ажиллаж байгаад 2001 оноос эхлэн Япон улсын ахлах сургуульд багшлах болсон байна.
Өөрийн сурч мэдсэн бүхнээ ирээдүй хойч үедээ өвлүүлэх улмаар 2020 онд Япон улсад болох тэмцээнд Дарханыхаа тамирчдыг оролцуулах зорилгын дор энэ өдрийн тэмцээнийг зохион байгуулж байгаа хэмээн тэрээр онцлов.

Хөнгөн атлетикийн спорт нь Дархан –Уул аймагт 1966 оноос үүсэн хөгжиж ирсэн түүхтэй бөгөөд Дарханы баг тамирчид өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 10 удаа дараалан түрүүлсэн бахдам амжилтыг үзүүлж байжээ.  Цаашдаа тус тэмцээнийг жил бүр зохион явуулах төлөвлөгөөтэй ажээ. Тэмцээний аваргууд 16-нд тодорно.

Хүүхэд залуучуудын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж нэрэмжит тэмцээн санаачлан зохион байгуулж буй Мядагмаагийн Отгонтуяад Дархан-Уул аймгийн хүндэт шагнал болох Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа.
 
Л.Отгонбаатар

Related news