Макроны айлчлал

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-04-09 19:37:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Хятад улс ба Барууны орнуудын харилцаа тааламжгүй болоод байгаа үед Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар Бээжинд хамтдаа айлчилсан нь энэ долоо хоногт олон улсын анхаарлыг хамгийн ихээр татсан үйл явдал байлаа.


Энэ удаагийн айлчлал бол Барууны удирдагчдын Хятадад хийж буй цуврал айлчлалын үргэлжлэл юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Германы Канцлер Олаф Шольц, долоо хоногийн өмнө Испанийн Ерөнхий сайд Педро Санчес нар айлчилсан бол энэ сард Германы Гадаад хэргийн сайд А.Бербок Бээжинд ирэх гэж байна.


Хятадын удирдагчийг ятгаж чадсангүй


Орос-Украины хямралыг зохицуулахын тулд Э.Макрон хоёр улсын удирдагчидтай уулзаж, утсаар хэдэнтээ ярьсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд дайн эхэлснээс хойш жилийн дараа гэхэд ЕХ, АНУ ба Оросын хоорондын хэлхээ холбоо бүрмөсөн тасарч, талуудын байр суурь хэт зөрүүтэй, эвлэрэхийн аргагүй болжээ. Ийм нөхцөлд Орос-Украины мөргөлдөөнийг зохицуулахад нөлөөлж чадах цорын ганц улс бол Хятад, Путинд нөлөөлж чадах цорын ганц хүн бол Ши Жиньпин мөн гэж үзэх хандлага Европт түгээмэл болов.


Э.Макрон Хятадын удирдагчид хандан, Украинд болж буй дайныг зогсоохын тулд өөрийн нэр нөлөөг ашиглан В.Путинд шахалт үзүүлэхийг хүссэн байна. Учир нь, Барууны хоригт өртөж, тусгаарлагдсан Оросын эдийн засаг Хятадаас улам их хамааралтай болж буй энэ үед Кремльд шахалт үзүүлэх арга хөшүүрэг Ши Жиньпинд бий.  


Нөгөөтэйгүүр, Орос-Украины асуудлаар “идэвхгүй” байр суурьтай байсан Хятад улс зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш яг нэг жилийн дараа “Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахад чиглэсэн БНХАУ-ын байр суурь” гэх нэртэй 12 заалт бүхий энхийн төлөвлөгөөгөө НҮБ-д танилцуулсан билээ. Харин АНУ, Европын Холбоо ба Украин улс Хятадын дэвшүүлсэн санаачилгыг “хямралыг зохицуулах бодит төлөвлөгөө биш, ердөө дайны талаар байр сууриа илэрхийлсэн мэдэгдэл төдий зүйл” хэмээн үзэж байгаа юм. 


“Оросын талыг ятган ухааруулж, талуудыг хэлэлцээний ширээний ард суулгаж чадна хэмээн танд найдаж байна” гэж Макрон хэлсэн бөгөөд түүний үзэж байгаагаар, Орос-Украины мөргөлдөөн нь дэлхийн том гүрнүүдийг хоорондоо дайсагналцсан хэд хэдэн эвсэл бүлгүүдэд хуваах аюултай ажээ. Үүний хариуд Хятадын удирдагч хэлэхдээ “даян дэлхийд энх тайвныг хамгаалах боломж хийгээд хариуцлага Хятад улс ба Франц улсад бий, талууд аль болох ойрын үед энхийн хэлэлцээ хийнэ гэдэгт найдаж байна” гэлээ.


Айлчлалын дүнгийн талаарх баримт бичигт  дурдсанаар “Орос-Украины сөргөлдөөнийг эцэс болгох шидэт арга гэж байхгүй, талууд өөрсдөө санаачилга гаргаж, хэлэлцээний ширээний ард суух нь зүйтэй” гэсэн байр сууриа Хятадын удирдагч илэрхийлжээ. Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр “Украины эсрэг дайныг зогсоохын тулд Путинд шахалт үзүүлье” гэсэн Макроны уриалгад Ши Жиньпин ямар ч хариу өгөөгүй төдийгүй “Орос”, “дайн” гэх мэт үгсийг ганц ч удаа дурдаагүй байна.  


“Орос-Украины сөргөлдөөнийг эцэс болгох шидэт арга гэж байхгүй, талууд өөрсдөө санаачилга гаргаж, хэлэлцээний ширээний ард суух нь зүйтэй”



Макроны айлчлалтай холбогдуулан Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгдэхдээ “Хятад улс зуучлагчийн үүргийг гүйцэтгэх маш өндөр чадавхтай, саяхны дипломат амжилт нь үүнийг тод томруун харуулсан. Гэхдээ Украинтай холбоотой нөхцөл байдал нь нэн төвөгтэй бөгөөд одоохондоо хямралыг энхийн замаар зохицуулах хэтийн төлөв харагдахгүй байна” гэлээ.  


Европчуудын нэгдмэл байр суурь


“Бид Хятад улстай хамтран ажиллахыг хүсэж байна, харин хэрвээ Хятадын тал Путинд цэргийн тусламж үзүүлэх аваас байдал эрс өөрчлөгдөнө шүү” гэсэн санаагаа Хятадын удирдлагад хүргэхийн тулд Макрон, фон дер Ляйен нар хамтдаа Бээжинд айлчилсан гэдгийг ажиглагчид онцолж байлаа. Ялангуяа АНУ-ын зүгээс "Хятад улс Орост зэвсэг нийлүүлж магадгүй" гэсэн болгоомжлолоо нэг бус удаа илэрхийлсэн юм.


Зэвсэг нийлүүлсэн тохиолдолд АНУ-ын зүгээс Хятадын эсрэг хатуу хориг арга хэмжээ авах нь гарцаагүй бөгөөд Европын холбоотнуудаасаа ийм алхам хийхийг шаардах нь ойлгомжтой. Байдал үүндээ хүртэл хурцдах аваас Европын Холбооны эдийн засагт хүндээр тусах болно. Ийм нөхцөл байдлыг үүсгэхгүйн тулд, Европын Холбоо бол дайн ба энхийн асуудлаар АНУ-ыг аялдан дагалдагч бус харин бие даасан байр суурьтай субъект гэдгийг Хятадын талд ойлгуулахын тулд Европын удирдагчид Бээжин рүү цувж байна. Ташрамд дурдахад, удахгүй 6-7 дугаар сард ЕХ-Хятадын дээд хэмжээний уулзалт болно.


Гэсэн хэдий ч Их7-гийн түншүүд болох АНУ, Канад, Япон, Их Британиас ялгаатай нь гэвэл, ЕХ-ны гишүүн 27 улс Хятадын талаарх байр сууриа яг таг нэгтгэж чадахгүй хэвээр байгаа юм.


Байр сууриа нэгтгэх эхний оролдлогыг Европын Комиссын тэргүүн фон дер Ляйен хийсэн бөгөөд тэрбээр Бээжин рүү явахынхаа өмнөхөн хөтөлбөрийн шинжтэй илтгэл тавихдаа, хатуу байр суурь илэрхийлжээ. Түүний дүгнэн хэлснээр “Европ тив Хятадтай хамтран ажиллахыг хүсэж байна, гэтэл Хятадын Коммунист нам нээлттэй байдал ба интеграциас хаалттай байдал ба өөрийгөө дөвийлгөх тал руу аажмаар шилжиж байгаа нь олон асуудал үүсгэж байна”. Макрон, фон дер Ляйен нар хамтдаа Бээжинд очсон нь ЕХ-ны гишүүн орнууд нэгдмэл байр суурьтай гэдгийг илэрхийлэх зорилготой байсан хэдий ч эл зорилгодоо хүрч чадаагүй гэдгийг “Politico” сонинд онцолжээ. Учир нь, Хятадын тал Макронд хүндэтгэл үзүүлсэн бол фон дер Ляйенийг үл тоосон хандлага гаргасан аж.


Түүнээс гадна “Макрон Ши Жиньпинийг ятган итгүүлж чадаагүй” гэдгийг Францын Le Monde сонинд дүгнэн бичжээ. Наад зах нь гэхэд, Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байрлуулах гэж буй Путинийг буруутгахыг Шид ятгаж чадаагүй бөгөөд Хятадын удирдагч “цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, даян дэлхийд энх тайван тогтоох, бүх улсуудын ашиг сонирхлыг хүндэтгэх” гэх мэт уламжлал болсон ерөнхий үгсээр хариу өгчээ. Харин Макронтой хамтран хийсэн хэвлэлийн хурлын үеэр Ши Жиньпин мэдэгдэхдээ, дайны явцад цөмийн зэвсэг хэрэглэж болохгүй гэдгийг давтан хэллээ.


Хэдийгээр Орос-Украины асуудлаарх Бээжингийн байр суурийг өөрчилж чадаагүй ч гэсэн Макроны айлчлал нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Ши Жиньпин ба Барууны удирдагчдын хооронд болсон эхний уулзалт гэдгээрээ ач холбогдолтой. Тухайн үед Бали аралд болсон G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши, Байден нар уулзаж байсан билээ.


Эдийн засгийн болон бусад асуудал 


Макроны айлчлалын үеэр зөвхөн Украины асуудлыг хэлэлцээгүй бөгөөд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр амжилт олсон гэж дүгнэж болно. Францын Ерөнхийлөгч Өмнөд Хятадын нийслэл гэгддэг Гуандун мужийн төв Гуанжоу хотод айлчиллаа. Энэ муж АНУ, Их Британитай эдийн засгийн гүнзгий харилцаатай бол Францын оролцоо, хөрөнгө оруулалт хязгаарлагдмал байдаг. Зарим ажиглагчдын дүгнэж буйгаар, Макрон Гуанжоуд очсон нь Барууны орнууд Хятадын зах зээл дэх байр сууриа нэмэгдүүлэхийн төлөө ширүүн өрсөлдөж эхэлснийг харуулж байгаа ажээ. Макроныг дагалдан нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus, эрчим хүчний Electricite de France SA, галт тэрэг үйлдвэрлэгч Alstom SA зэрэг Францын томоохон 60 компанийн захирлууд явжээ. Францын Ерөнхийлөгч хамгийн сүүлд 2019 онд Бээжинд айлчлах үеэр Airbus корпораци Хятадад зорчигч тээврийн нисэх онгоцууд нийлүүлэх 30 тэрбум еврогийн гэрээг байгуулж байв. Харин энэ удаад Тяньжин хотод А320 нисэх онгоцны эцсийн угсралтын хоёрдахь шугамыг барих гэрээ болон бусад салбарт хамтран ажиллах хэд хэдэн том гэрээнд гарын үсэг зуржээ.

Нөгөө талаас, Тайваний хоолойн тогтвортой байдлын тухай асуудлыг хэлэлцэх болов уу гэж ажиглаж байсан боловч хэлэлцсэнгүй. Елисейн ордноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, зөвхөн хүлээн авагч талын санаачилгаар уг асуудлыг хэлэлцэх ёстой байжээ. Түүнээс гадна, Франц болон ЕХ-ны санааг ихэд зовоож буй худалдааны алдагдлын тухай асуудлыг ч хөндсөнгүй. Европын Комиссын тэргүүний хэлснээр, протекционизмын бодлогын уршгаар Хятадын зах зээлд нэвтрэх боломж тэгш бус байгаа нь харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалт хийхэд саад учруулж байна.  


“Нэг айлчлалаар бүх асуудлыг шийдэх боломжгүй, гэхдээ энэ айлчлал нь харилцаа муудах явцыг зогсоож, нөхцөл байдлыг тогтворжуулах боломжтой. Талууд асуудлуудыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг эрмэлзэх аваас Хятад-ЕХ-ны хамтын ажиллагааны ирээдүй гэрэлтэй байна” гэж Хятадын европ судлаач Сүн Кэчян дүгнэн хэллээ. 

Холбоотой мэдээ