Э.Блинкен: АНУ, Хятад үл ойлголцлоос зайлсхийх хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-04-26 16:27:28

БЭЭЖИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /CNBC/. АНУ, Хятад улсууд үл ойлголцлоос зайлсхийх хэрэгтэй гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен баасан гарагт онцлон тэмдэглэжээ.


Э.Блинкен БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хаалттай уулзалт хийхийн өмнө Бээжинд үг хэлэхдээ нүүр тулсан дипломат харилцааг орлох зүйл байхгүй гэлээ. Талууд "үл ойлголцол", "буруу тооцооллоос" зайлсхийхийн тулд санал зөрөлдөөнтэй асуудлуудын талаар аль болох тодорхой байх ёстой гэж тэрбээр хэлсэн байна. 


АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Хятадад хийж буй энэ удаагийн айлчлал нь хоёр улс технологийн давуу байдал, эдийн засаг, улс төрийн ноёрхлын төлөө тэмцэж байгаагаас үүдэлтэй хурцадмал харилцаагаа тогтворжуулахыг эрмэлзэж байгаа үед тохиож байна.


Ван И Төрийн нарийн бичгийн даргад хандан хэлэхдээ, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг сайжруулснаар Америк, Хятадын харилцаа тогтворжиж эхэлж байна гэв. “Үүнийг манай хоёр улсын ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэг сайшааж байна гэж тэрбээр хэлсэн хэдий ч хоёр талын харилцаанд сөрөг хүчин зүйлс” нэмэгдэж, энэ нь бүх төрлийн тасалдлыг” үүсгэж байгааг анхааруулжээ.


Хятадын хууль ёсны хөгжих эрх үндэслэлгүйгээр хяхагдаж, бидний язгуур эрх ашиг олон сорилттой тулгарч байна гэж тэрбээр хэлээд Хятадын улаан шугамыг давахгүй байхыг” Вашингтонд сануулсан байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн онд Сан-Франциско хотноо Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ хурлын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан юм. Энэ сарын эхээр Ши Жиньпинтэй утсаар яриах үеэрээ Ж.Байден АНУ-ын талын санаа зовниж буй асуудлуудыг хөндсөн гэж Цагаан ордноос мэдэгджээ. Хоёр орны удирдагчид 2022 оны долоодугаар сараас хойш анх удаа утсаар ярьсан нь энэ байв.

Холбоотой мэдээ