ХӨВСГӨЛ: Арслан зааны 120 см урттай, 19 кг жинтэй соёо хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-06 12:33:17

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дэлхий дээр хэдэн арван мянган жилийн өмнө амьдарч байгаад үл мэдэгдэх шалтгаанаар мөхсөн арслан заан хэмээх амьтны 120 см урт, 19 кг жинтэй соёоны хэсэг Хөвсгөл аймгийн Төв музейд хадгалагдаж байна. Түүнийг 1977 онд Рэнчинлхүмбэ уулын Үзгийн даваанаас иргэн Бадарч олж музейд өгсөн байна.

 

Арслан заан нь аварга том биетэй, 4,5-5 м урт соёотой, 35-40 тонн жинтэй өвсөн тэжээлтэн амьтан байжээ. Арслан заан хүйтэн цаг уурт сайн дасан зохицсон амьтан байсан бөгөөд арьс нь доороо зузаан өөхөн давхаргатай, бие нь гадуураа өтгөн, их урт үс ноосоор хучигдсан байсан гэж үздэг.

 

Арслан зааны соёо Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум буюу Дархадын хотгор, Төв аймаг, Дархан, Булган, Сэлэнгэ аймгаас олдож байжээ.

 



Арслан заан нь одоогоос 200-300 мянган жилийн өмнөөс Европ, Ази, Хойд Америкийн эх газарт өргөн тархан нутаглаж байсан ба 10000 жилийн өмнө учир битүүлэг шалтгаанаар устжээ. Гэхдээ түүний мөхлийн шалтгааныг дэлхийн дулааралтай холбон үздэг судлаачид байхад зарим нь үүнийг огт үгүйсгэж ямар нэг өвчний улмаас мөхсөн гэж таамагладаг. Түүнчлэн түүний мөхөлд хүн ямар ч холбоогүй гэж үздэг судлаачид ч байдаг. 


Арслан зааны ихэнх зүйлүүд өнөөгийн энэтхэг зааны хэмжээтэй ойролцоо байжээ.


 

Холбоотой мэдээ