“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-06 15:44:21

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан, давхардал, хийдэл бий болгож буй журмуудыг судлан цэгцэлж, хоёр дахин бууруулах шийдвэр гаргасан.


Дээрх шийдвэрийн дагуу Хууль зүйн сайдын 2015 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнөөдөр хүчингүй болгожээ. Шийдвэрийг энэ сарын 10-наас эхлэн дагаж мөрдөнө. Энэхүү журам нь хүний үндсэн эрх болсон “зорчих эрх”-ийг захиргааны акт буюу журмаар хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасантай нийцэхгүй, зөрчиж байсан юм.


Дээрх журмыг хүчингүй болгосноор зөрчил гаргасан жолооч Зөрчлийн тухай хуулиар торгууль, шийтгэл хүлээгээд зогсохгүй давхар жолоочийн зөрчлийн оноо хасагдах, оноо нь дууссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцогддог байсныг халж байна.


ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр журмаар дамжуулж, хүний эрхэд халддаг байдлыг таслан зогсоох бодлого баримталж байгаа бөгөөд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд батлагдсан 160 гаруй журмаас талыг нь буюу 80 орчмыг нь ийнхүү хүчингүй болгож байгаа юм.



Холбоотой мэдээ