Чөлөөтийнхөн Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд зодоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-06 10:19:59

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн төрлөөр Парисын Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн гурав хоногийн дараа Туркийн Истанбул хотод эхэлнэ.


Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид Истанбулыг зорив. Багийг Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, гавьяат тамирчин Б.Наранбаатар удирдаж байгаа юм.


Бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 65 кг-д Т.Тулга, 74 кг-д О.Сүлдхүү, 97 кг-д Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Хулан, 57 кг-д Б.Хонгорзул, 76 кг-д Э.Даваанасан, сонгомол бөхийн төрөлд 60 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 97 кг-д Б.Бадамдорж нар сүүлийн эрхийн төлөө өрсөлдөнө.


Уг тэмцээнээс жин тус бүрд гурван эрх олгоно. Гурав дахь эрхийн төлөө хүрэл медаль хүртсэн тамирчид нэмэлт барилдаан хийх бөгөөд ялсан нь Парисыг зорих тийзээ захиалах юм.


Тус тэмцээнд тамирчдаас гадна олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас шалгалт өгнө. Тэрбээр шүүгчээр ажиллах бөгөөд давхар Парисын Олимпын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтах шалгалт өгөх ажээ.

Холбоотой мэдээ