Хиймэл оюун ухаан ба их өгөгдөл – Монголын боловсролын ирээдүй

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-04-19 10:38:17

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон Монголын Багш нарын 8 дугаар их хурал нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байлаа.


Тус хурлын явцад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн боловсролын байгууллагын ажилтнуудын төлөөлөл болох 1200 багш “Сургуулийн өмнөх боловсрол”, “Ерөнхий боловсрол болон насан туршийн боловсрол”, “Мэргэжлийн болон техникийн боловсрол”, “Дээд боловсрол” гэсэн дөрвөн салбар хуралдаанд оролцов.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их хурлын төлөөлөгчдөд хандан үг хэлэхдээ “Ойрын ирээдүйд бүтээлч бөгөөд задлан шинжлэх сэтгэлгээтэй, хиймэл оюун ухаан, их өгөгдөлтэй ажиллах чадвартай, нийгэмдээ манлайлал, нөлөөлөл үзүүлж чадах мэргэжилтэн чухал болж байгааг” онцлон дурдлаа.


Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны “Ирээдүйн ажил мэргэжил” тайланд дурдсанаар, дэлхийн тэргүүлэх 800 гаруй бизнесийн байгууллагын 85 хувь нь ирэх таван жилд технологийн дэвшил, цахим шилжилтийг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгох хандлагатай байна. Үүний нөлөөгөөр 2027 он гэхэд 26 сая ажлын байр “алга болох” эрсдэл бий болжээ. Ийм учраас манай улс ирээдүйн боловсон хүчнээ дэлхийн хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бэлтгэх шаардлагатай болж буйг төрийн тэргүүн сануулан хэллээ.


Эл асуудалтай холбогдуулан багш нарын 8 дугаар их хурал дууссаны дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үндэсний хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтад оролцогчид боловсролын салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, компаниудын хөгжүүлж буй “large language model”-ыг боловсролын салбарт ашиглах боломжийг хэлэлцжээ.


Сүүлийн хэдхэн жилийн дотор хиймэл оюун ухаан ба цахим шилжилт нь хүмүүсийн амьдралд хүчтэй нэвтэрч, томоохон өөрчлөлтийг бий болголоо. Тухайлбал, боловсролын салбарт гэхэд, орон зай, цаг хугацаанаас үл хамааран төв суурин газрын төдийгүй хөдөө орон нутгийн сурагч оюутнууд цахим системийг ашиглан хүссэн мэдлэг чадвар, боловсролыг олж авч байгаа нь тэгш хүртээмж, чанарыг бий болгож байна. 


Ер нь бол, олон нийтэд төдийлөн анзаарагддаггүй болохоос бус хиймэл оюун ухаан, их өгөгдлийг ашиглах тал дээр манай боловсролын салбарт тодорхой ахиц дэвшил гарч байгааг дурдах нь зүйтэй. Хамгийн наад захын жишээ гэвэл, хиймэл оюун ухааны ачаар сурагчдад дүн тавих, тэдний алдааг засахад хялбар болжээ. Багш нар хиймэл оюуныг ашиглан сурагч, оюутнуудын мэдлэгийн зөрүү, сул ба давуу талуудыг нь илүү сайн тодорхойлж чаддаг болсноор тэдэнд тохирсон сургалтын хөтөлбөрийг боловсруулж байна. Нөгөө талаас, оюутан сурагчид өөрсдийн хүсэл сонирхол, чадварт нийцсэн сургалтын хөтөлбөр ба өөрсдөд нь тохирох арга барилтай багшийг сонгож байна. Үүнээс үүдэн хиймэл оюун ухаан нь багшийг орлох уу гэх асуулт урган гарч байгаа бол орлох бус тэдний ур чадварыг улам нэмэгдүүлнэ хэмээн шинжээчид дүгнэж байна.


Харин БШУЯ-ны зүгээс багш нар хичээлээ төлөвлөх, үнэлгээ хийх, нэмэлт контент бэлтгэхэд хиймэл оюуныг ашиглах боломжийг бүрдүүлэхийн тулд AI виртуал туслахыг хөгжүүлэх, боловсролын байгууллага бүрийг өндөр хурдны интернэттэй, суралцагч бүрийг ухаалаг ангитай, багш бүрийг компьютертэй болгох зорилтыг дэвшүүлжээ.


Өндөр технологийн хөгжил эрчимжиж буй энэ үед цаг үеэсээ хоцрохгүйн тулд манай боловсролын салбарынхан багагүй зүйлийг хийжээ. Тухайлбал, энэ оны 2 дугаар сарын сүүлчээр БШУЯ-наас “Боловсрол – Их Өгөгдөл (Big Data)-– AI (Artifical Intelligence)” сэдэвт их өгөгдлийн шинжилгээний цахим системийн нээлтийг хийжээ. Энэ систем бол Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Төрийн их өгөгдөл” санаачилгын нэгэн хэсэг юм. Нээлтийн үеэр “Дата аналитикийн төсөл”-ийн  зөвлөх доктор Ражу Варанаси хэлэхдээ "Боловсролын салбарын их өгөгдлийн системд хөрөнгө оруулалтыг ихээр хийж чадвал тус салбарыг дэлхийн жишигт хүргэх боломж бий" гэдгийг онцолж байсан юм.


Ийнхүү боловсролын тогтолцоог чанаржуулснаар улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд олон эерэг өөрчлөлтийг авчрах нь дамжиггүй. Ийм учраас тус салбарын хөгжлийг цогцоор нь авч үзэж, их өгөгдөлд тулгуурлан шийдвэр гаргах нь хамгийн оновчтой хувилбар юм.


Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт удирдлага, мэдээллийн систем, боловсролын үнэлгээ, цахим үйлчилгээгээр дамжуулан их өгөгдлийг бий болгож чадсан байна. Гэхдээ энэхүү асар их мэдээллийг байгууллагууд тус тусдаа хариуцаж, хоорондоо мэдээлэл солилцох нь хязгаарлагдмал байв. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд БШУЯ эдгээр мэдээллийн санг нэгтгэн хиймэл оюуны тусламжтайгаар дүн шинжилгээ, тайлан, боловсруулалт хийх системийг эхний байдлаар хөгжүүлж байна. Ингэснээр багштай холбоотой бүх мэдээлэл, сурагчийн ахиц амжилтыг нэг бүрчлэн харах боломжтой болно. Улмаар бусад салбартай мэдээлэл солилцох явцыг эрчимжүүлнэ. Жишээ татахад, өнөөдөр Монгол Улсад нийт 37 850 багш ажиллаж, 3000 багш дутагдалтай байгааг их өгөгдлийн системийн тусламжтайгаар олж мэдэх боломжтой. Мөн хэдэн сургуулийн нэг ангид 60-аас дээш тооны сурагч байна, хэдэн багш 45-аас дээш сурагчидтай ангийг дааж байна гэх мэт тоон мэдээллийг тус системд оруулжээ. Эдгээр мэдээллийг ашигласнаар багш нарын хомсдолыг арилгах асуудлаар бодлогын түвшинд дүн шинжилгээ хийх боломжтой. Тодорхой хэлбэл, яг аль чиглэлийн хэчнээн багш хомсдолтой байгаа, аль аймгийн ямар сургуульд хэдэн багш дутуу байгаа, бага, дунд, ахлах ангиудад багш нарын ачаалал ямар түвшинд байгааг тодорхойлно.  Өөрөөр хэлбэл, багш нар ажил хийхээр Солонгос руу явчихсан учраас хичээл заах хүн олдохгүй байна гэх мэтчилэн таамгаар ярьдаг байдлыг хална гэсэн үг.   


Түүнээс гадна, гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр төсөв санхүүжилтийг тооцоолох гэх мэт. Ингэснээр Засгийн газраас боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтын өгөөж ямар байна вэ, багш нарын урамшуулал, үнэлгээтэй холбоотой шийдвэрүүд цэцэрлэг, бага ба дунд сургуулиудад хэрхэн хэрэгжиж байна вэ гэх мэт асуудлыг дараа дараагийн бодлого шийдвэрт тусгахад их өгөгдлийн цахим систем үнэхээрийн их үр өгөөжтэй.

Холбоотой мэдээ