Монгол орныг "Орчин үежсэн", "Аюулгүй", "Уриалагхан" гэж дүгнэх болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-04-15 16:04:58

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Манай улс энэ онд 1 сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлээд буй. Энэхүү зорилтыг хангах хүрээнд аялал жуулчлалын салбарын цаашдын зорилго, салбар дундын уялдааг бататгах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран өнөөдөр “Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав. 

Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Золжаргал энэ үеэр хэлэхдээ, “2023 оны турш олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллүүдийг нягталж үзэхэд, Монгол орны талаарх сэтгэгдэл сөргөөс эерэг рүү шилжсэн байна. Энэ нь монголчууд өөрсдөө нэг цонхоор, нэг өнгө төрхтэй мэдээллийг гаднын зах зээл рүү бэлтгэн нийлүүлж буйтай холбоотой. Сүүлийн үед гадныхан монгол орныг “Орчин үежсэн улс”, “Залуу”, “Аюулгүй”, “Уриалагхан”, “Цахим үндэстэн”, “Тогтвортой хөгжил давамгайлсан”, “Хурдтай тэлж буй орон” хэмээн дүгнэх болсон гэв. Энэхүү эерэг мэдээллийн үр дүнг тоон үзүүлэлттэй холбон тайлбарлаж болохоор байна. Цар тахлын өмнө буюу 2019 онд хамгийн ихдээ 500 мянган жуулчин манай орныг зорьж байсан бол өнгөрсөн онд 650 мянган жуулчин зорин ирж, 4.4 их наяд төгрөгийн орлого оруулсан гэж тус чуулганы үеэр дурдагдаж байв.


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ уг чуулганы оролцогчдод хандаж хэлэхдээ "Аялал жуулчлалын тухай хууль шинэчлэн батлагдсан. Гэсэн хэдий ч аялал жуулчлалын салбарынхан маань өөрсдийн салбарын хууль, эрх зүйн шинэчлэл, үйл ажиллагаанд өндөр оролцоотой байж, үр өгөөжийг нь хангалттай хүртдэг байх хэрэгтэй. Тухайлбал, ой дотор жуулчны бааз байгуулъя гэхэд салбарын хуулиараа хориглосон байдаг. Гэтэл шинэ үеийн жуулчин ой доторх жуулчны баазад буудаллах хүсэлтэй байдаг. Энэ мэт амьдралаас урган гарч буй хэрэгцээг салбарынхан өөрсдөө гарган тавьж, төрийн “хаалгыг” тогшдог байвал сайн байна. “Монголд зочлох жил”-ийн үйл ажиллагаа 2025 оноор дуусгавар болох биш, магад 2030 он хүртэл үргэлжлэх тул оролцоогоо өндөрсгөвөл салбарын яамнаас хангалттай дэмжих бололцоотой гэдгээ илэрхийлсэн юм.  


Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан, “Аялал жуулчлалын тухай хуулийг 2023 онд шинэчлэн баталж, тус хуульд мэргэжлийн холбоог тусгайлан байгуулахаар заасан. Монголын аялал жуулчлалын холбоо олон жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж ирсэн ч тус холбоо нь төрийн чиг үүргийг шууд хэрэгжүүлэхэд учир дутагдалтай байсан. Шинэ хуулиараа мэргэжлийн холбоо нь нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн статустай болж байгаа юм. Ингэснээр төрийн чиг үүргийг шууд хэрэгжүүлэхэд асуудалгүй болсон. Өнөөдрийн чуулганаар нэгэнт төртэй хамтран ажиллаж байгаагийн хувьд хууль, эрх зүйн хувьд ямар оролцоотой байх вэ, эрх ашгаа хэрхэн хадгалж хамгаалах вэ гэх тал дээр талууд хамтран ярилцаж, санал бодлоо хуваалцлаа” хэмээв.


“Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв”-ийн УЗ-ийн дарга, доктор, профессор Д.Гансүхээс цар тахлаас хойш аялал жуулчлалын салбарт гарч буй шинэчлэл, бидний зүгээс анхаарвал зохих ямар асуудал байгааг тодрууллаа. Тэрбээр “Аялал жуулчлалын салбар олон улсад төдийгүй Монгол Улсад ч маш хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байгаа ба ойрын үед нөлөөлж болох хэд хэдэн гол хүчин зүйл байна. Тухайлбал, макро түвшинд бол дайн, бүс нутгийн сөргөлдөөн болон энэ жил болох сонгуулийн үр дүнг нэрлэж болох байна. Үүний зэрэгцээ Засгийн газраас авч дэвшүүлж буй бодлого чиглэл, салбарын яамнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хэрэгжилт гол нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Хоёрдугаарт эдийн засаг. Хүнсний болон нефть шатахууны хомсдол зэрэгт ямар нэг тогтворгүй байдал үүсэх, үнэ өсөх, нийлүүлэлт доголдох зэрэг асуудал үүсвэл холын зайн аялал жуулчлал хумигдаж, ойрын зайн аялал жуулчлал түлхүү нэмэгдэнэ. АНУ, баруун Европ дахь хөгжингүй орноос ирэх жуулчдын тоо цөөрч, зөвхөн бүс нутгийн аялал жуулчлал дээр тоглолт хийх болох нь. 

Дараагийн нэг асуудал бол Z үеийнхэн. Энэ үеийнхэн өнөөдөр аялал жуулчлалын зах зээлийг тодорхойлж байна гэхэд буруудахгүй. Тийм учраас шинэ үеийнхний аялал жуулчлалын салбарт хандаж буй хандлагыг бодолцох ёстой. Тэд ямар аяллыг сонгож байна вэ, аялсан тохиолдолд юуг хүрээ болгож авч үзэж байна вэ, мэдээллээ хаанаас авч байна вэ, тэрхүү мэдээлэлд хэрхэн үнэлэлт дүгнэлт өгч байна вэ гэх зэрэг хандлагыг бид анхаарлын төвд авчирч үзэх цаг нь нэгэнт болчихсон.

Дөрөвдүгээрт Тогтвортой хөгжлийн зорилго, шалгуурыг хэрхэн хангаж, дэвшүүлсэн зорилтыг хэрхэн биелүүлж, ямар үр дүнд хүрч байна вэ гэдгийг бодлого тодорхойлогчид битгий хэл хэрэглэгчид өөрсдөө маш их нухацтайгаар судлах болсон. Товчоор хэлвэл, эко шошготой үйлдвэрлэл эрхэлж буй эсэх, тэдгээрийн зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд зохих анхаарал хандуулж, эко үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазыг сонгон үйлчлүүлж байна. Түүгээр зогсохгүй өөрсдөө байгальд ээлтэйгээр аялдаг болж байна. Мөн өөр нэг чухал хандлага бол мэдээллийн технологийг нэвтрүүлэх явдал юм. Энэ нь зөвхөн wifi-гийн тухай ойлголт биш юм. Түүнчлэн аяллын төлөвлөлтийг хийхдээ хөгжлийн бодлого тодорхойлогч нар бүх салбарынхныг оролцуулж байж бодит үр дүнд хүрнэ” гэлээ.  


Тус чуулганд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоод, аялал жуулчлалын салбарын эрдэмтэн, багш судлаачид, хөтөч тайлбарлагч нар, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүд оролцов. 


Холбоотой мэдээ