ХӨВСГӨЛ: Далийн баяр 5 дугаар сарын 11-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-29 15:30:11

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр  сарын 29 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд Далийн баярыг 13 дахь жилдээ тавдугаар сарын 11-ний өдөр тэмдэглэнэ.


"Энэ баярыг тэмдэглэснээр орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Далийн  баярыг зорин ирж буй иргэдийн тоо жилээс жилд эрс нэмэгдэж буй учраас орон нутаг тодорхой хэмжээний бэлтгэлийг хангаж, аймгийн хэмжээнд хаврын улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх эвент болгох зорилготой байна" гэдгийг Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч Г.Баяртбат хэллээ.



Монгол оронд хавар анхлан цэцэглэдэг 5 зүйлийн нэг нь далийн ягаан цэцэг юм.

Тус цэцэг нь хүний бие махбодыг тайвшруулах, ядаргаа тайлах, дархлаа сэргээх, сэтгэл тайтгаруулах, тархины өвчнөөс сэргийлэх, хараа сайжруулах, бие тэнхрүүлэн алжаал тайлах ач тустай.




Далийн ягаан цэцэгт амарч суух нь эрүүл мэндэд тустай гэдэг ч хамгийн гол нь хүмүүс тансаг сайхныг таван мэдрэхүйгээрээ бүрэн мэдрэн өөдрөг сэтгэлтэй болж, эерэг энерги хуримтлуулдаг. Өөрөөр хэлбэл багахан хугацаанд байгалийн асар хүчтэй бясалгалд суусантай ижил бөгөөд удаан суух, тэр тусмаа унтаж огт болохгүй гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ