Ч.Цэрэндагва: Хүүгээ генерал болоход өөрөө генерал болсноос илүү их баярласан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-04-26 17:19:44

-Монгол генералын өдөрт-


Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 11 цэргийн зүтгэлтэнд "Генерал" цол олгож байжээ. Энэ өдрийг 2004 оноос хойш “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээГенерал цол бий болсон 80 жилийн ойн энэ өдрийг угтан Монгол Улсын 104 дэх хошууч генерал Ч.Цэрэндагватай ярилцлаа.


 -Байлдагчаас генерал цолд хүрнэ гэдэг мэдээж бахархалтай. Байлдагч байх үеэс чинь  яриагаа эхлэх үү?

-Намайг цэрэгт татагдаад хугацааь цэргийн албанд байх үед Монгол Ардын Армийн бүрэлдэхүүнийг өргөтгөх үе шат таарсан. Боловсон хүчний хувьд тийм хангалттай байж чадаагүй байх. Мөн 10анги төгссөн хугацааны цэрэг цөөхөн байсан. Тэгээд яах вэ үүрэг гүйцэтгэх байдлаараа шалгарсан юм байгаа биз, 1966 онд офицер болгон дэвшүүлсэн юм. Харин 1 жилийн дараа нь дэслэгч цолтой батарейн захирагчаар томилогдсон. Дараа нь дивизоны штабын орлогч албан тушаалд ажиллаж байгаад 1972 онд ЗХУ /ОХУ/ руу Артилерийн академид яваад 1976 онд онц дүнтэй төгсөж ирээд Ардын армийн 120 дугаар ангид штабын даргаар томилогдсон байгаа юм. Энд нэг зүйлийг тодруулахад би сургуульд явдгийнхаа урьд жил ахмад цол авсан байсан. Харин сургуулиа хошууч цолтой төгсөж ирж байсан байна. Энэ мэргэжлээрээ 26 жил алба хаагаад хошууч генерал цолтой чөлөөнд гарчээ. Байлдагчийн халаасанд генералын мөрдэс байдаг гэдгийг жинхэнэ утгаар харуулсан хүн дээ.

 

-Таны намтарт “Зоргол-87” гэдэг хээрийн сургуулийг маш сайн удирдан зохион байгуулсан гэж яригддаг юм билээ. Тэр бол Их бууны анги нэгтгэлд байсан үеийн тань ажил байсан уу?

-Би Ардын армийн их бууны бүх албан тушаал дээр ажилласан юм. Артилерын бүх анги нэгтгэлийг удирддаг 5 дугаар арми гэж байлаа. Тэр албан тушаал дээр ажилласан. Сүүлд нь Монголын ардын аримын Артилерийн командлагч болсон байх жишээтэй. Ийм албан тушаал хашиж байгаад ЗХУ /ОХУ/-ын Жанжин штабын академид явж, 1986 онд төгсөж ирээд Төв аймгийн дивизийн захирагчаар томилогдсон юм. Тэнд ажиллаж байхдаа 1987 онд “Зоргол-87” хэрийн сургуулийг зохион байгуулж тухайн үедээ сургуулийг амжилттай зохион байгууллаа гэсэн үнэлэлт дүгнэлтийг дээд шатны байгууллагаас авч байсан юм.

 

-Энэ хээрийн сургуулийг хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан гэж тухайн үед үнэлж дүгнэсэн байх юм билээ...

- Арми болон улс ардын аж ахуй салбараас дайчилгаагаар дивизийн бие бүрэлдэхүүнийг өргөн байлдааны цагийн байдлын хэмжээнд хүргэсэн  том  хээрийн сургууль болсон юм.

 

-Монгол Улсад генерал цол бий болсон 1944 онд та эхээс мэндэлж байжээ. Энэ өндөр насны босгон дээрээс өнгөрсөн цаг үеэ сэргээн санахад танд ямар бодол төрж байх юм бэ?

- Яах вэ дээ, бид дандаа даалгавраар үүрэг гүйцэтгэж явлаа. Өөрт ногдсон үүрэг даалгаврыг чадах чинээгээрээ гүйцэтгэж өдий хүрчээ. Тийм ч учраас Хошууч генерал гэдэг эрхэм хүндтэй цолыг зүүгээд явж байна гэж ойлгодог би.

 

-Хошууч генерал болтлоо армид алба хаалаа. Энэ олон жил таны ар тал болж яваа гэргийнхээ тухай танилцуулах уу?

иний гэргийг Гөлгөөгийн Пүрэвжал гэдэг. Бид хоёр 1966 онд танилцаж гэр бүл болж 5 хүү, 3 охины аав, ээж болсон байна. Миний ажиллах нөхцөлийг бүрдүүлж өдий олон жил ар тал болж амьдарсан хүн дээ.


-Армид аав, хүү хоёр генерал болсон тохиолдол цөөхөн. Таны 5 хүүгээс бас генерал төрсөн байна...

- Ц.Гандорж гэж миний хүү бригадын генерал цолтой. Хүүгээ генерал болоход өөрөө генерал болсноосоо илүү их баярласан. Би өөрөө генерал болоод тэгж их баярлаж байснаа мэдэхгүй байгаа юм.

 

-Генералын хүү генерал гэхээр үнэхээр бахархалтай л даа. Та өөрөө социализмын үе нийгэм хатуу байхад энэ цолд хүрчээ. Маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа хөгжил дэвшилтэй арми ч хөл нийлүүлж явна. Та энэ цаг үеийн генерал хүүдээ ямар зөвлөгөө өгдөг вэ?

 -Хүү генерал боллоо сайн хэрэг, сайхан байна. Гэхдээ генерал цолныхоо хариуцлагыг дааж авч явна гэдэг илүү их хариуцлага шүү, миний хүү хичээж яваарай гэж хэлдэг.

 

-Танай их бууны салбараас ер нь хэдэн генералууд төрсөн байдаг вэ?

- Аритлераас төрсөн генералууд байгаа. Ойр дотно захирч, захирагдаж явсан 5-6 хүн бий.

 

-Таны залуу нас цэрэг армитай салшгүй холбоотой. Тэр үед энэ генералын хэмжээний хүн болох юмсан гэдэг үлгэр дуурайлал авч байсан ахмадуудынхаа талаар та юу хэлэх вэ?

- Намайг цэрэг байх үед бидний эргэн тойронд генералууд бараг үзэгдэхгүй дээ. Тэр үеийн лунжгар лунжгар хурандаанууд байсан шүү. Тэднийгээ хараад ийм хурандаа болох юмсан гэж бодох үе байлгүй яах вэ. Харин цол нас ахиад албан тушаал хашаад ирэхийн цагт үлгэр дуурайлал авах цэргийн жанжин байлгүй яах вэ? Манай сайд байсан Ж.Ёндон генерал байна. Жанжин штабын дарга Ч.Пүрэвдорж генерал байна. Мэдлэг чадвар өндөртэй бахархмаар цэргийн жанжнууд зөндөө байлаа. Намайг ажиллаж байхад, Зүүнбаяны дивизийг олон жил удирдсан Т. Баатар генералыг нэрлэж болно. Асар өндөр мэдлэг, боловсролтой 5 дугаар армийн Д.Гэндэнпил генерал байна, би удирдлагад нь ажиллаж явлаа.

Ажил амьдралыг нь хараад бахархаж байсан генералуудаас дурдвал, миний үеийнхэд гэхэд Г. Дамдинсүрэн, Ч. Улаанхүү нарын генерал байна. Жанжин штабын академийг бид цуг төгсөж байсан л даа.

 

-Батлах хамгаалахын сайд Ж. Ёндон генерал бол үлгэр авах хэмжээний хүн байсан гэж таны ярианд гарлаа. Тэр хүн таны болоод бусдын хүндлэлийг ямар зан чанараараа хүртдэг байсан бэ?

- Цэргийн хүн ямар байх ёстой вэ гэдгийг өндөр мэдлэг, ур чадвараараа бусдад үлгэрлэн харуулсан удирдагч л даа. Ж. Ёндон генералын хүнд хандах хандлага ч өөр хүний яг эцэг эх шиг нь ханддаг, хөдөлмөрч, үйл хэргээ яг таг мэддэг хүн байлаа.

 

-Та Б. Цог генералыг хэр зэрэг сайн мэдэх вэ?

- Б. Цог генералыг цэрэг, офицер байхаасаа мэднэ. Батлах хамгаалах яамны Артиллерийн газрын дарга байхад Б.Цог генерал манайхыг хариуцсан орлогч сайд байлаа. Ер нь үүрэг даалгавар өгнө, түүнийг нь яг тэр хэмжээнд нь гүйцэтгэхийг хичээдэг байв. Өөрөө хүнд юу хэлнэ, түүнийгээ өөрийн амьдрал дээр яг таг харуулсан, биелүүлдэг тийм л дарга байсан. Одоо залуу генералууд мэдэхгүй байх л даа. Бидний үеийнхэн бол сайн  мэднэ.


-Генерал цолныхоо эзэн болсон ахмад үеийнхэн залуу үеийнхэндээ  ямар байдлаар ажлын арга барилаар уламжлуулж байна вэ?

-За яах вэ өдий төдий жил янз бүрийн түвшинд алба хаасан нас ахисан генералууд зөндөө байна. Залуу генералууд өөрийн нүдээр хараад авах гээхийн ухаанаар хандах юм бол уламжлагдах юм байж л таарна.

 

-Та 1993 онд 104 дэх генерал болж байсан юм байна. Тэр үед хэдүүлээ энэ цэргийн өндөр цолыг авч байв.

- Зүүнбаяны дивизийн командлагчаар намайг томилоод генерал цол олгосон. Маргааш нь нисдэг тэргээр очиж ажилдаа орсон. Ерөнхийлөгчийн зарлигийг Батлан хамгаалахын сайд Ш. Жадамбаа танилцуулсан. Цэргийн оёдлын үйлдвэр дээр очиж цолныхоо хувцсыг өмссөн. Генерал цол надад гардуулах ёслол гэж тийм том юм болоогүй. Түүнээс өмнө ямар байсныг ч би мэдэхгүй.

 

-Генерал цол олгож байх тэр үед танд яг юу бодогдож байв?

- Генерал цол дагаад надад том хариуцлага л ирлээ гэж ойлгож байсан.

 

-Армийн генерал Б.Дорж, Хурандаа генерал Ж.Лхагвасүрэн хоёулаа Батлан хамгаалах яамыг удирдаж байсан. Энэ хоёр хүний генерал цолны эрэмбийг одоо бид яаж ойлгох ёстой юм бэ?

-Монгол улсын маршал Ю. Цэдэнбал дарга байна. Тэр үед монгол цэргийн хамгийн том цол Монгол Улсын маршал байжээ. Одоо энэ цол байхгүй. Генерал цол дотроо өөрийн эрэмбэтэй байдаг.

 

Генерал цол олгож эхэлснээс хойших хугацаанд 220 орчим цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртжээ. Тэдний дунд армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 21, хошууч генерал 119, бригадын генерал 60, эмэгтэй генерал цолтон 1 байна.


 

 

Холбоотой мэдээ