МИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-29 09:57:01

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. МИАТ ТӨХК орон нутагт нисэх CRJ-700 маркийн агаарын “Мазаалай” хөлгөө хүлээн авч, өчигдөр Ховд аймаг руу анхныхаа нислэгийг үйлдлээ.


ЗТХЯ-наас энэ онд зам, тээврийн салбарт Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах зорилт тавьсныг ийнхүү хэрэгжүүлж эхэллээ.


Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, ЗТХЯ-наас дэвшүүлсэн “Хямд тийз-хүртээмжтэй нислэг” зорилтын хүрээнд өнгөрсөн 2023 онд 9 аймагт орон нутгийн нислэгийг сэргээсэн юм.


“Мазаалай” агаарын хөлгийн орон нутаг дахь нислэгийн үйл ажиллагааг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нээж үг хэлэхдээ, “Агаарын тээврийн салбарт либералчлал, тэгш, шударга өрсөлдөөнийг дэмжсэний үр дүнд энэ нь салбарын хөгжлийг хөдөлгөх хүч болж байна. Үүний үр дүнд 2023 онд зам, тээврийн салбарт 73 хувийн өсөлт гарсан”-ыг онцоллоо.

Тэрбээр, иргэний нисэхийн салбарт зорчигч тээвэр 3,5 дахин нэмэгдэж, олон улсын болон дотоодын нислэгийн тариф 2-3 дахин буурч, МИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээж байна гэв.


Орон нутагт нислэг үйлдэх “CRJ-700” маркийн “Мазаалай” агаарын хөлөг нь 70 хүний суудалтай, бүс нутгийн нислэгт илүү ашиглах тохиромжтой бөгөөд манай улсад энэ төрлийн онгоцны орон нутагт хоёр дахь нислэг нь Ховдын чиглэл болж байна. Тус онгоцоор Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Завхан, Увс, Баянхонгор аймаг руу нислэг үйлдэх юм.


“CRJ-700” агаарын хөлөг нь ийм төрлийн онгоцуудтай харьцуулахад илүү урт зайтай тул түлш цэнэглэх шаардлагагүй хол зайд нисдэг байна. Бүхээг нь илүү өргөн зохион байгуулалттай тул зорчигчдын суудал болон тээш хадгалах зай сайжирсан. Түлшний зарцуулалтыг бууруулж, хурдыг нэмэгдүүлсэн зэрэг технологийн дэвшилтэт онгоц аж.

 

 

Холбоотой мэдээ