БАЯНХОНГОР: Нийт нутгаар цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-29 14:28:59

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Ойрын гурван өдөр Баянхонгор аймгийн нийт нутгаар үргэлжлэн орсон цас Өртөө харуулын хэмжилтээр Гурванбулаг 20 см, Бөмбөгөр 16 см, Бууцагаан 12 см, Хүрээмарал 12 см, Эрдэнэцогт 5 см, Шаргалжуут 4 см, Баянбулаг 2 см цастай байгааг УЦУОША-наас мэдээлэв.

Цаг агаарын хүндрэлээс шалтгаалан машинууд цасанд суусан тухай дуудлага мөн өдрүүдэд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт цөөнгүй бүртгэгджээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бай-Ам багийн Байн бүдүүн гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 28 км, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т, Худаг-Урт багийн Улаан-Адгай гэдэг газар/аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км, сумын төвөөс зүүн зүгт 52 км/-т суудлын автомашинууд замын хажуу руу орж цасанд суусан тухай дуудлагыг 2024.04.28-ны өдрийн 6:30 цагт хүлээн авсан байна.


Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид очиж С-ын Тоёота альфард загварын суудлын автомашин /5 том хүн, 2 хүүхэд/-ыг, Тоёота Ланд-100 загварын автомашин /7 том хүн/-ыг, Б-ын Тоёота приус 20, М-ийн Тоёота приус 20 загварын автомашин /11 том хүн, 1 хүүхэд/-уудыг тус тус цаснаас татан гаргажээ.

Мөн өдрүүдэд нийт 110 км газар зам гаргасан байна.

УЦУОША-ны мэдээллээр энэ долоо хоногийг дуусталх хугацаанд аймгийн нийт нутгаар хур тунадас бага, зарим үед явган шуургатай байхыг мэдээлэв. Тавдугаар сарын 3-нд Хангайн уулархаг нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орох бол Алтайн салбар уулс, говийн нутгаар 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч явган шороон шуурга шуурна.


Агаарын температур: Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтэнээс +2 градус дулаан, хээр талын нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +0...+5 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө +0...+5 градус дулаан, өдөртөө +9...+14 градус дулаан, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна. 30-наас нийт нутгаар бага зэрэг дулаарна.

Холбоотой мэдээ