Уул уурхай, ачаа тээврийн салбарт ажиллагсдыг санал өгөх боломжоор хангахыг хуульчилсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-26 14:51:06

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хороо байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлээр ажлын хэсэг гаргаж, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж буй.


Байнга оршин суугаа газраасаа өөр газар ажилладаг иргэдийн олонхыг ачаа тээвэр болон уул уурхай, эрдэс баялгийн салбарын ажилчид эзэлдэг. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос уул уурхай, ачаа тээврийн компанийн удирдлагуудтай өнөөдөр уулзалт зохион байгуулав.


УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” хэмээн заасан. Уулзалтын үеэр тус хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, газрын дарга Н.Булгамаа, Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг нар дээрх хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр мэдээлэл зөвлөмж өгөв. Түүнчлэн СЕХ-ны Мэдээллийн технологийн төвийн референт П.Алтанчимэг “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн онцлох зохицуулалтууд”, Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн Боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ “Сонгох сонгогдох эрх” сэдвээр мэдээлэл хийсэн юм.


Уулзалтад оролцсон төлөөлөгчид байнга орчин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг сонгогчдоос урьдчилан санал авах, зөөврийн хайрцгаар санал авах зэрэг зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатайг онцоллоо. Ачаа тээврийн салбарын аж ахуйн нэгж, компаниудад 20 мянга гаруй, уул уурхайн буюу эрдэс баялгийн салбарт 40 мянга гаруй ажиллагсад байнга оршин хаягаасаа өөр газар ажилладаг гэсэн судалгаа байна.

Холбоотой мэдээ