СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-04-23 16:35:15

Баруун-Урт, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монголчууд тэр дундаа Дарьгангынхан эртнээс нохойг эзэндээ үнэнч амьтан хэмээн тэжээсээр иржээ. Хүндлэлийн илэрхийлэл болгож нохойдоо тусгайлан бэлтгэсэн идүүр савыг модоор хийдэг байж. Нохойн идүүрийг өөрөөр хишгийн сав ч гэж нэрлэдэг байв.



Энэ бол аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй, Дарьгангынхны 19 дүгээр зуунд хэрэглэж байсан идүүр бөгөөд хадаж, наагаагүй цул модыг ухаж, углуургадаж хийсэн гэдгээрээ онцлог.


Дарьгангынхан нохойн идүүрийг хүний аяга мэт үзэж, хуучрахаар нь хагалахгүй, түлэхгүй, цэвэр газар хаяна. Нүүхдээ нохойн идүүрийг сүүлчийн тэмээнд ачдаг учраас сүүлийн тэмээний ачаа хүнд гэж ярьцгаадаг нь нэг ёсондоо нохойгоо хүндэтгэсэн хэллэг ажээ. Ингэж ачихдаа зүгээр ч ил ачихгүй, юманд боож, амыг нь дээш нь харуулдаг. Учир нь ил ачвал ачаа хазайна гэж үздэг байна.


Зарим тохиолдолд нохойн идүүрт шүр, мөнгө, зэс шигтгэмэл хийдэг байсан нь хишгийн саванд эрдэнэ суулгаж байгаа хэрэг гэнэ. Анх шинээр идүүр хийлгэхдээ нохойгоо гэртээ оруулж, галын дээд талд суулган сүүгээр сүлсэн будаатай цийдэм хийж идүүлдэг. Ингэж нохойн идүүрийг айлын буян хишигтэй холбон үзэж дээгүүр нь алхах, хөмөрч хаях зэргийг цээрлэдэг байжээ.


Нохой тогтдоггүй айл нохойныхоо идүүрийг улайссан зоосоор хэд хэдэн удаа тамгалж домнодог түүхтэй.

 

Холбоотой мэдээ