ХӨВСГӨЛ: Эхийн эндэгдэл буурч, дундаж наслалт нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-26 14:12:39

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болж, эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудын 200 гаруй төлөөлөл оролцож байна.


Аймгийн Засаг дарга П.Лхагважав “Хөвсгөл аймгийн ИТХ-аар сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт 4,4 тэрбум төгрөг баталж хөрөнгө оруулалт хийсэн. Өнөөдрийн байдлаар эхийн эндэгдэл буурч, дундаж наслалт нэмэгдэж байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын хамт олны ажлын үр дүн” гэдгийг онцоллоо.




Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасаг өнгөрсөн онд эхийн эндэгдэлгүй ажилласан байна. Эхийн ноцтой хүндрэл, нярайн эндэгдлийг өмнөх жилтэй харьцуулахад тус бүр 50 хувь бууруулж ажилласан гэдгийг Төрөх тасгийн их эмч, клиникийн профессор зөвлөх эмч П.Отгонбаяр хэлж байлаа.


Мөн дундаж наслалт 68,69- 69,68 болж нэмэгдсэн байна.  

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөгөөнд оролцсоноор энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн ойлголттой болж, ажлын уялдаа холбоог дээшлүүлэх, багаар хамтран ажиллах, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, хууль эрх зүйн нэгдсэн мэдээлэлтэй болох юм.


Хөвсгөл аймагт 159 төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 1709 эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна. 

Холбоотой мэдээ