“Авраамын гэрээ”-ний үргэлжлэл буюу Израиль-Мароккогийн эвлэрэл

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-12-14 15:29:19

Хойд Африкт орших Марокко улс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын зуучилснаар Израильтай харилцаагаа хэвийн болгосон нь өнгөрсөн долоо хоногт олон улсын амьдралд болсон онцлох нэгэн үйл явдал байлаа. Пүрэв гарагт хоёр талын харилцааг хэвийн болгох тухай хэлэлцээр байгуулагдсанаар Мароккогийн Вант улс еврейн улстай дипломат харилцаагаа сэргээсэн Арабын ертөнцийн 6 дахь орон болж байна.


Өмнө нь 9 дүгээр сарын 15-наас хойших 4 сарын хугацаанд Бахрейн, АНЭУ, Судан гэсэн гурван улс Израильтай эвлэрээд байсан билээ. Үүнээс бүр өмнө буюу 1979 онд Египет улс, 1994 онд Иордан улс Израильтай харилцаагаа хэвийн болгож байсан бөгөөд тэртээ 40 гаруй жилийн өмнө социалист орнуудын олон улсын тоймчид “Египет, Израиль хоёр Кэмп-Дэвидэд салангид хэлэлцээр байгуулж, арабуудын эрх ашгаас урвасан” тухай байнга ярьдаг байсныг ахмад үеийнхэн сайн санаж байгаа болов уу.

Зүүн гараас: Анвар Садат, Жимми Картер, Менахем Бегин нар Кэмп-Дэвидийн гэрээнд гарын үсэг зурсны дараа. 1979 он 


Одоо Израиль, Марокко хоёр юуны түрүүнд нийслэл Тель-Авив, Рабат хотуудад дипломат төлөөлөгчийн газруудаа харилцан нээж, агаарын тээврийн харилцаагаа сэргээхээр төлөвлөж байгаа бол зуучлагч АНУ Баруун Сахарын Дахла хотод консулын газраа нээх гэж байна.


Хэлэлцээр байгуулагдсан даруйд Ерөнхийлөгч Д.Трамп дадсан ёсоороо твиттер хуудсандаа жиргэж “бидний дотны найзууд болох Израиль, Мароккогийн Вант улс хоёр дипломат харилцаа тогтоохоор тохиролцжээ – энэ бол ээлжит ТҮҮХЭН дэвшил!” гэжээ.


Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху еврейчүүдийн Ханука баярын дэнлүү асаах ёслолд үг хэлэхдээ, дээрх хэлэлцээрийг “түүхэн ач холбогдолтой” гэж дүгнээд “энх тайвны гэрэл Ойрхи Дорнодод өмнө нь хэзээ ч ийм тод гялалзаж байсангүй” гэжээ. Түүнчлэн Египет, АНЭУ, Бахрейн улсууд хэлэлцээр байгуулсанд баяр хүргэсэн байна.


Ташрамд дурдахад, Марокко, Израиль хоёр 1990-ээд оны үед дипломат харилцаа тогтоосон ба 2000 оны II интифада буюу Израилийн эсрэг палестинчуудын зэвсэгт бослого дэгдсэнээр  харилцаагаа тасалжээ. Гэсэн хэдий ч хоёр тал албан бус шугамаар хоорондоо харилцсаар байв. Мароккод олон тооны еврей иргэд амьдардаг бөгөөд хоёр орны харилцаа Израиль ба Арабын бусад орныхтой адил тэгтлээ хурцдаж байсангүй, Мароккогийн үе үеийн удирдагчид Араб-Израилийн мөргөлдөөнөөс аль болох зайлсхийсээр иржээ. Тэгэхээр энэ удаад дипломат харилцаагаа сэргээсэн нь бэлгэ тэмдгийн шинжтэй үйл явдал бөгөөд “эвлэрэл тогтоосон” гэх нь арай сүржин сонсогдож магадгүй.


Палестинчуудын дургүйцэл  


Ойрхи Дорнодын асуудал бол тун эмзэг сэдэв бөгөөд Марокко-Израилийн харилцаа хэвийн болсноор тус бүс нутагт удаан хүлээсэн энх тайван цаг ирлээ гэж дүгнэхэд хэтийднэ. Өөрөөр хэлбэл, Израиль-Палестины хямралыг зохицуулаагүй цагт Ойрхи Дорнодод нөхцөл байдал аюултай хэвээр байх болно гэдгийг шинжээчид анхааруулсаар байгаа.


“Марокко, Израиль хоёр харилцаагаа хэвийн болгосон нь Палестины ар нуруунд хутга шааж, Палестин ба Ариун хотоос /Иерусалим/ урвасан үйлдэл мөн” гэж Газын зурваст үйл ажиллагаа явуулдаг эсэргүүцлийн хөдөлгөөний бүлэглэлүүд эрс эсэргүүцжээ. Үүний сацуу, Исламын хамтын ажиллагааны байгууллагын дэргэдэх Иерусалимын асуудал эрхэлсэн хороог даргалж буй Марокко улсыг уг үүргээс нь чөлөөлөхийг шаардсан байна.    


Арабын орнуудын Лигийн гишүүн улсууд Израильтай дипломат харилцаа тогтоох алхам хийсээр байгааг Палестины удирдагчид зэмлэн буруушааж “энэ бол Палестины улс байгуулагдах хүртэл Израильтай ямар нэгэн хэлхээ холбоо тогтоохгүй гэсэн амлалтаасаа няцаж, “Арабын энхийн санаачилга”-аас ухарч буй хэрэг” гэж дүгнэлээ.    


2002 онд баталсан “Арабын энхийн санаачилга” бол израильчууд 1967 онд эзэлж авсан газар нутгаасаа гарч явж, Иордан голын баруун эрэг, Газын зурваст байгуулагдах Зүүн Иерусалим гэдэг нийслэлтэй Палестин улсыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Арабын орнууд Израильтай харилцаагаа хэвийн болгоход чиглэсэн тохиролцоо юм.


Баруун Сахар бол Мароккогийн нутаг мөн


Хамгийн амттай мандарин жимсний орон гэдгээр нь бидний мэдэх, 37 сая хүн амтай Марокко улс Израильтай харилцаагаа хэвийн болгосныхоо хариуд “Баруун Сахар бол Мароккогийн нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг мөн” гэдгийг Израиль, АНУ-аар хүлээн зөвшөөрүүлж чадсанаар улс төрийн хувьд тун хожоотой алхмыг хийлээ.


Баруун Сахарын бүс нутаг нь 1884 онд Испанийн колони болсон бөгөөд 1975 онд тус нутгаас испаничууд гарч явснаар Марокко, Мавритани улсуудын мэдэлд шилжжээ. Харин НҮБ “Баруун Сахар бол тусгаар улс байх ёстой” гэсэн тогтоол гаргасны дараа Мавритани улс тэндээс цэргээ татсан бол Марокко улс мавританичуудын орхиод явсан газар нутгийг эзэлжээ. Энэ үеэс хойш Баруун Сахарын сахарави омгийн уугуул иргэд тусгаар тогтносон улс байгуулахын төлөө зэвсэгт тэмцэл өрнүүлж эхэлсэн байна. Уг тэмцлийг Полисариогийн фронт гэдэг байгууллага удирдаж, Арабын Бүгд Найрамдах Ардчилсан Сахар улс байгуулагдсаныг зарлан тунхаглажээ. 

Полисарио-гийн зэвсэгт отрядууд Мароккогийн армийн эсрэг 1991 он хүртэл партизаны дайн явуулж, 1983 он хүртэл Куба, БНАГУ болон Ливиэс тусламж авч байсан бол одоо Алжир улс босогчдыг дэмжсээр байна. Улмаар 1991 онд НҮБ энхийг сахиулагчдаа Баруун Сахарт оруулснаар зэвсэгт мөргөлдөөн зогсжээ.


Үүний дараа Мароккогийн хаан Хасан II Полисариогийн удирдагчидтай хэд хэдэн удаа уулзсаны дүнд эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд талууд Баруун Сахарт тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар тохиролцжээ. Гэвч он цагийн явцад эл тохиролцоо замхарч, Мароккогийн эрх баригчид санал асуулгаас эрс татгалзах болов.


Марокко улс Баруун Сахарыг нутаг дэвсгэрийнхээ салшгүй нэг хэсэг гэж үздэг бөгөөд тус Вант улсын бүрэлдэхүүнд өргөн автономит эрхтэй муж байгуулахыг Полисариод санал болгосоор ирсэн. Гэвч босогчид тусгаар тогтнолыг шаардсан хэвээр.

Энэ оны 11 дүгээр сард талуудын хооронд мөргөлдөөн дэгдсэнээр 30 орчим жил үргэлжилсэн эвлэрэл тасалдлаа. Ийм эгзэгтэй үед Мароккогийн хаан Мухаммед VI Израильтай харилцаагаа хэвийн болгосныхоо хариуд Баруун Сахарыг өөрийн нутаг гэж АНУ-аар хүлээн зөвшөөрүүлж чадсан нь цэрэг-улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой алхам боллоо. Энэ тухайд Д.Трамп хэлэхдээ “Марокко улс 1777 онд АНУ-ыг хүлээн зөвшөөрч байсан, тэгэхээр Баруун Сахарыг эзэмших тус улсын эрхийг хүлээн зөвшөөрөх нь зүй ёсны хэрэг” гэжээ.


Харин Полисарио фронтын Европ дахь төлөөлөгч Баруун Сахарын талаарх АНУ-ын шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлсний сацуу “гэхдээ энэ нь бодит байдал ба хувь заяагаа өөрсдөө шийдэх гэсэн Баруун Сахарын ард иргэдийн хүсэл эрмэлзлийг сөөм ч өөрчилж чадахгүй, Полисарио тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж мэдэгджээ. 


Трампын оролцоо


Дональд Трампын хувьд, Ойрхи Дорнодод шинээр ямар ч дайн өдүүлээгүй Америкийн Ерөнхийлөгч гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээж байна. 


Араб-Израилийн харилцааг хэвийн болгоход чиглэсэн “Авраамын энхийн гэрээ”-ний хүрээнд түүний санаачилсан үйл явц амжилттай урагшилсаар байгааг Марокко улс уг гэрээнд нэгдэн орсон явдал харууллаа. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн Цагаан ордны ахлах зөвлөх Жаред Кушнер /Трампын хүргэн/ цаашдаа Арабын ертөнцийн бүх 22 улс Израилийг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна. Ташрамд тодруулахад, Авраам гэдэг нь Библийн сударт дурдагддаг бие хүн бөгөөд түүнийг христ, иүд ба исламын шашинтнуудын аль аль нь хүндэтгэн шүтдэг ажээ.

АНУ-ын зуучилснаар Арабын Нэгдсэн Эмират улс /АНЭУ/, Бахрейн хоёр Израильтай харилцаагаа хэвийн болгох тухай хэлэлцээр байгууллаа. 2020 оны 9 дүгээр сарын 15


Сануулан дурдахад, Барак Обама Цагаан ордноос явахынхаа өмнө Иерусалимыг эзлэн авсан Израилийг буруутгасан тогтоолын төслийг НҮБ-д хэлэлцүүлэхээр оруулж байсан бол Трамп явахынхаа өмнө Араб-Израилийн хямралыг зохицуулах эхлэлийг тавилаа гэдэгт шинжээчид санал нэгтэй байна. Энэ бол гадаад бодлогын салбар дахь түүний гарамгүй амжилт бөгөөд тэрбээр дахин сонгогдсон бол тус бүс нутагт асар их өөрчлөлтийг авчрах байлаа. Харин одоо Ж.Байден Ойрхи Дорнодод чухам юу санал болгох вэ гэдгийг дэлхий дахин анхааралтай ажиглаж байна.


Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://www.bbc.com

https://polit.info

https://haqqin.az

Холбоотой мэдээ