“Зөөлөн Брексит” хийх боломж хумигдсаар

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-12-11 15:44:50

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Европын Комиссийн тэргүүн Урсула фон дер Ляйен нар лхагва гарагт Брюссель хотноо уулзлаа. Оройн зоогийн ширээний ард ярилцсан тэд Их Британи ба Европын Холбооны /цаашид ЕХ/ хооронд байгуулах худалдааны хэлэлцээрийн асуудлыг шийдвэрлэхээр сүүлчийн оролдлогоо хийлээ. Учир нь, Их Британи улс 12 дугаар сарын 31 гэхэд Европын Холбооноос гарсан байх ёстой.  


Их Британи улс тус холбооноос энэ оны 1 дүгээр сарын 31-нд албан ёсоор гарсан боловч бодит байдал дээр 12 дугаар сарын 31-нийг хүртэл холбооны бүрэлдэхүүнд байсаар байгаа юм.  Шилжилтийн үе гэгдэх өнгөрсөн 11 сарын хугацаанд талууд “цаашдаа хоёр талын худалдааг хэрхэн зохицуулах вэ” гэдгээ тохиролцох ёстой байсан бөгөөд татваргүй, квотгүй чөлөөт худалдааг хэвээр нь хадгалж үлдэхийг эрмэлзсээр ирлээ. Гэвч өнөөдрийн байдлаар ямар ч тохиролцоонд хүрсэнгүй.


Энэ удаад ч мөн адил Б.Жонсон, фон дер Ляйен нар Брекситийн хэлэлцээг мухардмал байдлаас гаргах гарцыг олж чадсангүй. Уулзалтын дараа Их Британийн засгийн газрын төлөөлөгч хэлэхдээ “томоохон санал зөрөлдөөнүүд хэвээр үлдсэн,  тэдгээрийг даван туулж чадах эсэх нь тодорхойгүй байна” гэжээ. Ингээд хоёр талын төлөөлөгчид асуудлыг ирэх ням гарагт дахин хэлэлцэхээр боллоо. Тэгэхээр одоо “хатуу Брексит” болох уу, эсвэл “зөөлөн Брексит” болох уу гэдэг нь Шинэ жилийн шөнө шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, Их Британи улс гэрээ байгуулах замаар ЕХ-ноос гарах уу /хатуу Брексит/, эсвэл гэрээ байгуулаад гарах уу /зөөлөн Брексит/ гэсэн хоёр сонголтын өмнө шууд тулж ирээд байгаа тухай ВВС агентлагийн сурвалжлагч Юри Вендик бичжээ.


Санал зөрөлдөөний учиг


Талуудын санал зөрөлдөж буй хамгийн гол асуудал юу вэ? Энэ бол Level Playing Field буюу утгачилж орчуулваас “тоглоомын ижил дүрэм” юм. Үүний учрыг тайлбарлахад, Их Британи улс ЕХ-ноос гарсныхаа дараа “төрөөс бизнесийг дэмжих, ажилчдын эрхийг хамгаалах, үйлдвэрлэлд тавих экологийн шаардлага зэрэгтэй холбоотой ЕХ-ны дүрэм журмуудыг сахин биелүүлэх ёстой. Үүний хариуд ЕХ-ны зах зээлд Британийг чөлөөтэй нэвтрүүлнэ” гэж эх газрын европчуудын тавьж буй болзол юм. Үүний гол санаа нь, Британийн компаниуд өрсөлдөөний явцад шударга бусаар давуу байдал олж авахаас ЕХ болгоомжилж буйн илэрхийлэл

Харин британичууд эл болзлыг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд сөргүүлэн тайлбар хийхдээ, нэгдүгээрт, төрөөс бизнесийг дэмжих талаарх хатуу дүрэм журмыг ЕХ-нд тогтоохыг Их Британи улс олон жилийн туршид хичээсээр ирсэн, хоёрдугаарт, ЕХ-ны дүрэм журманд цаашид захирагдах гэж бид тус холбооноос гараагүй шүү гэдгээ хэлж байгаа юм.


Брекситийн асуудлыг шийдэхэд бул хар чулуу болон хөндөлдөж буй өөр нэгэн зүйл бол загасчлалтай холбоотой маргаан мөн. Тодруулбал, ЕХ-ны гишүүн орнуудын загасчдыг Британийн тэнгисийн орон зайд нэвтрүүлэх тухай асуудал. Энэ тал дээр Брекситийнхэн буюу Их Британийг ЕХ-ноос гаргахыг санаачлагчид 2016 онд болсон бүх нийтийн санал асуулгын үеэр сурталчилгаа хийхдээ “Британийн усан орон зайд хяналт тогтооно” гэж амлан британичуудын эх оронч үзлийг өдөөн сэдрээж байсан юм. Ерөнхий сайд Борис Жонсон Британийн парламент болох Нийтийн танхимд үг хэлэхдээ “тэд /ЕХ-ныхон/ Их Британийг загас агнуурын нөөцөө ашиглах эрхгүй дэлхий дээрх цорын ганц улс болгох гэж байна, Британийн ерөнхий сайд хэн ч байлаа гэсэн үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэжээ.    


Ташрамд, ажиллах хүчний тоо, орлого талаас нь харвал, загас агнуурын салбар нь Британийн эдийн засагт бараг жин дардаггүй гэж хэлж болно. Тус салбарт ердөө 12 мянган загасчин ажиллаж, жилдээ 1 тэрбум фунт стерлингийн орлого олдог ажээ.   


Сүүлийн үед Б.Жонсон өөрийн хэлэх гэсэн санаа, байр сууриа янз бүрийн хэлбэрээр илэрхийлж байгаа юм. ЕХ-той гэрээ байгуулах боломж шавхагдаагүй байгаа, гэхдээ гэрээ хийхгүй байлаа гээд Британи улс хохирохгүй, цаашдаа Дэлхийн Худалдааны байгууллагын /ДХБ/ ерөнхий нөхцлөөр худалдаа хийх боломжтой гэсэн утгатай үгийг  тэрбээр парламентад хэлсэн төдийгүй Брюссель явах замдаа твиттер хуудсандаа жиргэжээ. Үүний хариуд Германы Канцлер А.Меркель хэлэхдээ “ЕХ өөрийнхөө зах зээлийг хамгаалах нь Британитай гэрээ байгуулахаас илүү чухал асуудал. Бидний хүлээн авах боломжгүй нөхцлүүдийг Их Британи тавих аваас гэрээ байгуулахгүйгээр Британийг ЕХ-ноос гаргах замаар явахад бид бэлэн” гэв.   


Үүнтэй холбогдуулан дурдахад, пүрэв гарагт Европын Холбооны гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт эхэлжээ. Энэ үеэр Брекситийн асуудлыг хэлэлцэнэ гэж таамаглаж байсан боловч гэрээ бэлэн болоогүй учраас энэ талаар ярилцах шаардлага байхгүй, ЕХ-ны 2021-2027 оны 7 жилийн төсвийг батлах, 1,8 их наяд еврогоор цар тахалтай тэмцэх сан байгуулах гэх мэт илүү тулгамдсан асуудлууд биднийг хүлээж байна гэж ЕХ-ныхон үзжээ.


Цаашдаа яах бол?


Одоо үлдээд хоёр боломж бол Шинэ жилийн өмнөх үлдсэн хэдэн хоногт ямар нэгэн хэлэлцээр байгуулах, түүнийг нь ЕХ 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болгох явдал юм.   


Онолын хувьд бол, талууд /ялангуяа Британи/ улс төрийн гэнэтийн огцом шийдвэр гаргаж,  бие биендээ томоохон буултууд хийснээр гэрээнд гарын үсэг зурж магадгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд, сүүлийн сар өдрүүдэд хоёр талын хийж байсан мэдэгдлүүдээс харвал ийм магадлал тун бага.

Брекситийг дэмжигчид ба эсэргүүцэгчид хоорондоо 4 жил 6 сарын турш маргалдаж байна 


Нөгөөтэйгүүр, богино хугацаанд үйлчлэх гэрээ байгуулах замаар 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хоёр талын худалдаанд ноцтой хямрал үүсэхээс урьдчилан сэргийлэх боломж бий. Тухайлбал, эрх баригч намын доторх “Европын төлөөх консервативчуудын бүлэг” гэхэд /ЕХ-нд үлдэхийн төлөөх/, Level Playing Field зарчмыг хэрэгжүүлэхийн тулд богино хугацаатай, жишээ нь 4 жилийн гэрээ байгуулж, чөлөөт худалдааг хэвээр нь үлдээж, харин шударга бус өрсөлдөөн гарсан тохиолдолд худалдаанд хязгаарлалт тогтоох эрхийг талууд олгоё гэсэн саналыг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, Британийн засгийн газар компаниуддаа татаас өгч, өрсөлдөөнд нөлөөлж байна гэж үзсэн тохиолдолд ЕХ-ны зүгээс Британийн бараанд татвар ногдуулна гэсэн үг. Мөн эсрэгээр Британийн тал ч ийм арга хэмжээ авах боломжтой.  


Хэрвээ талууд чөлөөт худалдаагаа хадгалж үлдэж чадахгүй бол ДХБ-ын ерөнхий нөхцлөөр буюу бие биендээ гаалийн татвар ногдуулах, квот тогтоох замаар худалдаа хийхэд хүрнэ. Энэ тохиолдолд чөлөөт худалдааны гэрээ байгуулаагүй орнуудаас ЕХ-нд нийлүүлж буй импортын улаан буудай, жимсэнд дунджаар 11,1 хувь, маханд – 15,7 хувь, сүүн бүтээгдэхүүнд 35,4 хувийн татвар ногдуулах болно. Уг нөхцлөөр Британийн эдийн засгийн тулгууруудын нэг болох автомашины үйлдвэрүүд 10 хувийн татварт хамрагдах бөгөөд энэ нь жилдээ 5,7 тэрбум евро болох юм. Эл тохиолдолд Британид үйлдвэрлэсэн автомашинууд Европынхтой харьцуулахад 3 мянган еврогоор үнэтэй болсноор зах зээлээс шахагдах аюултай.  


Түүнээс гадна, Британийн эдийн засгийн тулгуур багануудын нэг болох санхүүгийн үйлчилгээний салбарынхан, ялангуяа Лондонд байрладаг Европын банкууд эх газар руу бөөнөөрөө нүүснээр Лондон Сити эзгүйрч мэднэ. Энэ талаар Английн Төв банкны ерөнхийлөгч Эндрю Бэйли хэлэхдээ “гэрээ байгуулахгүйгээр ЕХ-ноос гарах нь урт хугацаандаа коронавируснээс илүү сөрөг нөлөөллийг Британид үзүүлнэ” гэж таамаглажээ. 


Одоо нөхцөл байдлыг өөдрөгөөр төсөөлж, Брекситийн дараах харилцаагаа зохицуулахын тулд талууд “том гэрээ” байгууллаа гэж бодъё. Гэсэн хэдий ч ЕХ-ны улсуудын парламентууд 800 хуудастай уг баримт бичгийг уншиж судалсныхаа дараа Шинэ жилийн өмнө соёрхон батална гэж огт санаанд буухгүй байна.


Нөгөөтэйгүүр, парламентууд батлахыг хүлээхгүйгээр Европын Зөвлөл, Европын парламент хоёр гэрээг батлах боломж бий гэдгийг ЕХ-ны хууль, дүрэм журмыг сайн мэддэг шинжээчид олж харжээ. Тодруулбал, төр, засгийн тэргүүн нарын байгууллага болох Европын Зөвлөл нь ЕХ-ны тухай гэрээний 218 /5/ гэсэн заалтыг үндэслэн бүх гэрээ хэлэлцээрийг түр хугацаанд хүчин төгөлдөр болгох эрхтэй бөгөөд үүний дараа гишүүн орнуудын парламентууд ба Европын парламент соёрхон батлах хувилбар бий. Өмнө нь, олон улсын зарим гэрээ хэлэлцээрийг ийм маягаар хэрэгжүүлж байсан туршлага байдаг ажээ.        


Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС

 

 

 

Холбоотой мэдээ