Eurasianet: Төв Ази руу чиглэсэн Хятадын хөрөнгө оруулалтын бодлого өөрчлөгджээ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-12-08 20:59:25

Бээжин бодлогоо өөрчилжээ. Хятад улс Төв Азид дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх нь багасаж, үүний оронд үйлдвэрлэлийн салбар руу анхаарлаа хандуулах боллоо. Хэрвээ Бээжин зээл олгохоор нэгэнт шийдсэн бол заавал Хятадын хөгжлийн банк, Эксимбанкуудаар дамжуулж байгаа бөгөөд ингэхдээ тухайн улсын түншүүд болон бусад улсууд тухайн төслийг хамтран санхүүжүүлэх тохиолдолд л зээл олгохыг илүүд үзэж байна.  


Сүүлийн 2-3 жилд Хятад улс шинэ бодлогод шилжиж буйн учир нь хоёр гол шалтгаантай. Нэгдүгээрт, зээл авч буй улс орнууд ажлын байр бий болгож, экспорт болон үйлдвэрлэлийн чадавхийг нэмэгдүүлж чадах төслүүдийг илүүтэй сонирхож байна. Хоёрдугаарт, уламжлал ёсоор дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлсээр ирсэн Хятадын банкууд харин одоо эрсдэлээ хуваарилахыг илүүтэйд үзэж байна. Гэхдээ Төв Азийн улс бүрт нөхцөл байдал өөр өөр байгаа юм.  


Казахстан


2007-2013 он бол Казахстан руу чиглэсэн Хятадын хөрөнгө оруулалтын эхний давалгааны үе бөгөөд нефть-хийн олборлолт, Төв Азиас Хятад руу нефть, хийн хоолой барихад голлон чиглэж байлаа. Харин сүүлийн 3-4 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт илүү төрөлжиж, үйлдвэрлэлийн потенциалыг нэмэгдүүлэхэд чиглэх болжээ.


Казахстаны засгийн газар олон жилийн турш Бээжинтэй нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд уг хамтын ажиллагаа хөгжлийн төслүүдийг голлон хамарч байна. 2019 оны төслүүдийн жагсаалт гэхэд, химийн машин үйлдвэрлэл, барилгын салбараас эхлээд хөдөө аж ахуй, дэд бүтцийн гэх мэт өргөн хүрээг хамарчээ.


Ихэнх төслүүдийг Хятадын бизнесүүд санхүүжүүлж, харин Казахстаны тал ямар нэгэн үүрэг хүлээдэггүй байлаа. Тухайлбал, хоногт 2500 тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Хятад-Казахстаны хамтарсан үйлдвэр, Orda Glass шилний үйлдвэр, Караганда мужид барьж буй Yutong автобусны үйлдвэр зэргийг нэрлэж болно. Үйлдвэрлэлийн салбар нь өдгөө Казахстанд оруулж буй Хятадын хөрөнгө оруулалтын гол чиглэл болжээ.


Үүний сацуу Казахстаны тал авсан зээлээ тасралтгүй төлсөөр байна. Улсын өр багасахын зэрэгцээ хөрөнгө оруулалт нэмэгдсээр. Хятадын Хөгжлийн банк Казахстаны улсын үйлдвэрийн газруудад зээл олгосоор байгаа бөгөөд үүний сацуу Казахстаны өөрийнх нь санхүүгийн эх үүсвэрийг төслүүдэд татан оролцуулахыг эрмэлзэх болов. Үүний нэг жишээ бол, Атырау хотод баригдаж буй 2,6 тэрбум долларын өртөгтэй полипропилений завод бөгөөд Казахстаны Үндэсний баялгийн сангуудын нэгэнд нь харьяалагдах охин компани санхүүжүүлж байгаа явдал юм. Тус компани Хятадын Хөгжлийн банкнаас 2 тэрбум доллар зээлж, үлдсэн мөнгийг нь өөрийн эх үүсвэрээр бүрдүүлжээ. Үйлдвэрийн барилгыг Хятадын China National Chemical Engineering Co компани барьж байгаа бөгөөд  ашиглалтанд орсных нь дараа Казахстаны төрийн өмчийн КазМунайГаз компани хариуцан ажиллуулах юм. Тус компанийн хувьцааны хяналтын багцыг дээр дурдсан баялгийн сан эзэмшдэг.  


Түүнээс гадна, Европын Холбооны санхүүжилтээр Казахстанд хэрэгжиж буй нар, салхины цахилгаан станцууд барих зэрэг төслүүдийн тендерт Хятадын компаниуд өрсөлдөж байна. 


Узбекистан


Узбекистан улсын хувьд, Хятадын санхүүжилтыг ашиглан үйлдвэрлэлийн салбар болон нефть, хий боловсруулах салбарт тэргүүлэгч болохыг эрмэлзэж байгаа юм.


Тус улсын эрх баригчид гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/, гадаадаас авсан зээлийнхээ талаарх статистик мэдээллүүдээ нийтэлдэггүй. Гэсэн хэдий ч Хөрөнгө оруулалт, гадаад худалдааны яамнаас мэдээлснээр бол, 2018-2019 оны хугацаанд ГШХО-ны нийт хэмжээ 3,2 дахин буюу 2,9 тэрбум доллар байснаа 9,3 тэрбумд хүрч өссөн аж. Энэ нь ерөнхийлөгч асан Ислам Каримов нас барсны дараа Узбекистан улс гадаадын бизнес эрхлэгчдийн өмнө нээлттэй болсонтой холбоотой.

Хятадын Хөгжлийн банк олон улсын консорциумын хүрээнд 1 тэрбум доллар гаргана гэдгээ амласан байна. Тус консорциум нь нийлэг шингэн түлшний үйлдвэр барихад шаардагдах 3,6 тэрбум доллароос 2,3 тэрбумыг нь олгох юм. Хятадын тал төслийн  санхүүжүүлтийн нэг хэсгийг бүрдүүлж байгаа бөгөөд Өмнөд Солонгос, Япон, Европын Холбоо төсөлд оролцож байна. Төслийн зорилго бол, Узбекистан улсыг  нүүрстустөрөгчийн түүхий эд экспортлогч орноос түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болгон хувиргах явдал юм.

Түүнээс гадна, Узбекистаны тал Хятадын төрийн мэдлийн хөрөнгө оруулалтын корпораци болох CITIC Group болон Huawei компанитай 1 тэрбум долларын хэлэлцээр байгуулж, дотоод хэрэгцээний дижитал дэд бүтэц байгуулахаар тохиролцжээ. Төлөвлөсний дагуу, эхний 300 сая долларыг хяналтын тоног төхөөрөмжийн үйлдвэр барихад зарцуулах бөгөөд төсөл хэрэгжсэний дараа Узбекистан улс төхөөрөмж импортлогч орноос үйлдвэрлэгч улс болох ёстой.  


Түүнчлэн 2016 оноос хойш Хятад улс Узбекистаны оёдлын үйлдвэрүүдэд 250 гаруй сая долларын хөрөнгө оруулснаас гадна дахиад 130 сая долларыг тус салбарт олгохоор төлөвлөжээ. Хятадууд мөн Узбекистанд цементийн үйлдвэрүүд барьсан байна. Казахстаны нэгэн адилаар үйлдвэрлэлийн салбар нь Узбекистан дахь Хятадын хөрөнгө оруулалтын гол чиглэл болжээ.


Узбекистаны хувьд, Хятадад төлөх өр нь нэмэгдсээр байж магадгүй Төв Азийн цорын ганц улс болой. /статистик мэдээллээ нууцалдаг Туркменистаныг тооцохгүйгээр/. Ерөнхийлөгч асан Каримов 2016 оны сүүлчээр нас барахаас өмнө тус улс гадаадаас бага хэмжээний мөнгө зээлдэг байсан юм. Харин 2017-2019 онд Хятадын Эксимбанк усан цахилгаан станц барихад зориулж 144 сая доллар зээлсэн бол Хятадын Хөгжлийн банк гурван Boeing 787-8 Dreamliner нисэх онгоц худалдан авахад нь зориулж Узбекистаны агаарын тээврийн компанид 309 сая долларын санхүүжилтийг энэ оны эхээр олгожээ.


Тажикистан


Сүүлийн 5 жилд Хятад улс Тажикистаны засгийн газарт том хэмжээний зээл өгөхөө зогсоожээ. Хэдийгээр Бээжин “тоормоз дарж байгаа” боловч Хятадын компаниуд уул уурхай, цементийн үйлдвэрлэл, нэхмэлийн үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйд /зарим тохиолдолд хамтарсан үйлдвэрийн газрын хэлбэрээр/ хөрөнгө оруулсан хэвээр байна. Эксимбанкны зээлээс ялгаатай нь гэвэл, Тажикийн засгийн газар дээрх мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй юм. Хамтарсан үйлдвэрүүдийн хүрээнд Хятадын түншүүд хөрөнгө оруулалтын ихэнхийг хийж, Тажикийн тал газар олгох, зохих байгууллагуудаас зөвшөөрөл авах зэргийг хариуцдаг аж. Тажикистаны засгийн газрын зүгээс татварын хөнгөлөлт үзүүлж, эсвэл газрыг үнэ төлбөргүй олгох тохиолдол цөөнгүй бий.   


Хятадын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр зарим салбарын экспорт мэдэгдэхүйц өсжээ. Жишээ нь, 2012 онд Киргиз улс 2,4 тн алт олборлож байсан бол 2019 онд 8,1 тн болж нэмэгдсэн ба үүний 70 хувийг нь Хятад-Киргизийн хамтарсан нэг уурхай дангаараа олборлосон байна. Мөн 2013 онд ердөө 30 мянган тн цемент үйлдвэрлэж, гадаадаас 3 сая орчим тн-ыг импортолж байсан бол 2018 онд дотоодын үйлдвэрлэл 3,8 сая тн-д хүртлээ огцом өсөж, 1,4 сая тн-ыг экспортолжээ. Энэ бүх цементийг Хятадын компаниуд үйлдвэрлэсэн байна. Хятадын хөрөнгө оруулагчдын байгуулсан нэг оёдлын үйлдвэр гэхэд гадаад валютын орлогын хэмжээгээр Тажикистаны хамгийн том экспортлогч болжээ. Түүнээс гадна, мөнгө олборлолт 2019 онд 17 хувиар өссөн гэх мэт жишээнүүд бий. Гэвч Тажикийн зах зээлийн багтаамж бага, бизнес эрхлэх нөхцөл таагүй байгаа нь томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд саад учруулж байна.


ТАЛКО компанийн хөнгөн цагааны үйлдвэр 


Сүүлийн жилүүдэд Хятадын хөрөнгө оруулагчдын зүгээс, ТАЛКО хөнгөн цагааны үйлдвэрийг шинэчлэх төлөвлөгөөнийхөө талаар мэдэгдэж байсан. Зөвлөлтийн үед баригдсан, тус улсын цахилгаан эрчим хүчний 40 хувийг дангаараа хэрэглэдэг уг заводыг шинэчлэх шаардлага хурцаар тавигдаж байгаа юм. ТАЛКО-гийн хувьцааг эзэмшихийг зөвшөөрсөн нэмэлт өөрчлөлтийг эрх баригчид хуульд оруулсан боловч дээрх үйлдвэр ерөнхийлөгч Э.Рахмоны гэр бүлийнхний хяналтанд хэвээр байгаа бөгөөд гэрээний нөхцлийг засгийн газар нууцалсаар.


Нөгөөтэйгүүр, Тажикистаныг өрөнд оруулж мэдэх нэг төсөл бий. Энэ бол Туркменистанаас Хятад руу барьж буй хий дамжуулах хоолойн Тажикийн нутаг дэвсгэрээр дайрах хэсэг буюу D шугам юм. 3,2 тэрбум долларын өртөгтэй уг хийн хоолойг барих асуудлаар бүр 2013 онд талууд тохиролцсон бөгөөд түүний ашиглалтыг Тажиктрансгаз ба Хятадын Үндэсний нефтийн корпорацийн хамтарсан үйлдвэрийн газар хариуцахаар болжээ. Хэрвээ төсөл алдагдалд орвол Тажикийн тал өрийнхөө зарим хэсгийг төлөхөөс аргагүйд хүрч магадгүй. Уг хоолойг барих саналыг анх тавьж байсан тэр үетэй харьцуулахад өдгөө D шугам нь эдийг засгийн үүднээс ач холбогдолтой биш болж, барилгын ажлын явц ч удааширч байна.

ТАЛКО-г шинэчлэх, D шугамыг барих төслүүд хэрэгжсэн тохиолдолд Хятадын тал хувьцааны томоохон хэсгийг эзэмших болно.


Киргиз


Киргиз улс мөн адил Хятадаас засгийн газрын шугамаар авах зээлийнхээ хэмжээг багасгаж байгаа нь өрийн дарамтанд орохоос болгоомжилж буй хэрэг. Гэхдээ Тажикистаны нэгэн адилаар, тус улс руу Хятадын хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт цутгасаар байгаа бөгөөд Киргизийн засгийн газар үүнд ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй.

Киргиз дэх Хятадын хөрөнгө оруулалттай алтны уурхай 


Томоохон хөрөнгө оруулалтууд нефть боловсруулах, алт олборлох салбарууд руу чиглэж байна. Гэвч гадаадын ялангуяа Хятадын бизнест үл итгэх хандлага нийгэмд байгаа учраас капиталын урсгал саарсаар. Томоохон хөрөнгө оруулалтууд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарснаар төслүүд зогсож байна. Тухайлбал, энэ оны эхээр 275 сая долларын өртөгтэй ложистикийн төв байгуулах төсөл зогсжээ.


Өнгөрсөн сард Киргизэд дэгдсэн улс төрийн үймээн самууны үеэр эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид Хятадын уурхайнуудыг эзлэн авсан нь бизнес эрхлэгчдийг ихээхэн түгшээлээ. Энэ үйлдэл нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад шинэ ерөнхийлөгчид бэрхшээл учруулах болно. Киргиз болон Тажикистанд ажиллаж буй Хятадын хөрөнгө оруулагчид бол ихэвчлэн гадаад улсад анх удаагаа хөрөнгөө оруулж байгаа, өрсөлдөөн багатай зах зээлийг эрж хайж буй компаниуд юм. Дөнгөж саяхан Киргизэд ашиглалтанд орсон уулын баяжуулах комбинат галд автаж буйг харуулсан гэрэл зургууд нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх нь юу л бол.  


Нийтлэлийг бичсэн Дирк ван дер Клей бол Австралийн Үндэсний их сургуулийн Зохицуулалт, глобал удирдлагын сургууль ба Үндэсний аюулгүй байдлын коллежийн эрдэм шинжилгээний ажилтан юм. Түүний гүйцэтгэсэн судалгааны ажлыг Австралийн Батлан хамгаалах яамны Стратегийн бодлогын хөтөлбөрөөс санхүүжүүлсэн болно. Энэ нийтлэл нь түүний өөрийнх нь үзэл бодол, дүгнэлт бөгөөд Австралийн Батлан хамгаалах яамны байр суурьтай нийцэх албагүй.


Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://eurasianet.org/china-diversifies-in-central-asia

https://inosmi.ru/economic/20201206/248672798.html

 

 

 

Холбоотой мэдээ