Дорнодын театр 70 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-09-12 09:18:28
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ХТД-ын 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн баяр 11-16-ныг хүртэл үргэлжилж, “Гэгээн муза” наадмаас гранпри шагнал хүртсэн “Ярьдаг мод” хүүхдийн жүжиг, мөн тус наадмын шилдэг бүтээл “Манлайбаатар” дуулалт жүжгийг үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. Түүнчлэн 13-ны өдөр ахмад уран бүтээлчдийн “Ягаан театрынхан” хүндэтгэлийн тоглолт, 14-нд “Дорнод театр-70” үдшийн шоу тоглолт, 15-нд түүхт ойд зориулсан “Эх талын шуранхай” шинэ концерт болох юм.
Ойн хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэн, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, соёл урлагийн ажилтнуудын бэсрэг наадам болно.
Дашрамд сонирхуулахад, Дорнодын театр орон нутагт ганц симфони оркестртой гэдгээрээ онцлог. Алтангадас одонт ХДТ-ын Симфони найрал хөгжим 1978 онд  үүсэн байгуулагдсанаар сонгодог урлагийн түүхийн хуудас сөхөгдсөн түүхтэй.
Монголдоо гуравт тоологдох, хөдөөд цорын ганц гэгдэх Симфони найрал хөгжмийг Дорнод нутгийн уугуул, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ваандангийн Боролдой үүсгэн байгуулжээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ