Шатахууны үнийн нэмэгдлээс болж саатаад байсан хог ачилт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-02 13:12:11
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор Орхон аймгийн Хот тохижуулах газар гэр хорооллын хог ачилтыг эхлүүлээгүй байсан юм. Тэгвэл өнгөрсөн баасан гаригаас эхэлж төлөвлөгөөт ачилтаа эхлүүллээ. Хот тохижуулах газар хоёр сар тутам гэр хорооллын хогийг ачдаг ч энэ удаа цагаан сараас хойш нэг ч ачилт хийгээгүй байсан юм. Иймд тус газар шатахууны зардлаа нэмж шийдвэрлэсний үр дүнд гэр хорооллын 14 багийн хогийг ачихаар гурван бригад ажиллуулж эхэллээ.
Цаашид шатахууны үнийн нэмэгдэлд шаардлагатай хөрөнгийг орон нутгаас шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Хот тохижуулах газар хог ачилтад шаардагдах дизель түлшийг анх тооцохдоо нэг литрийг нь 1700 төгрөгөөр төлөвлөж байсан бол одоо 2800 төгрөг болсон байна.  
Орхон аймагт гэр хорооллын нэг өрх хог ачилтын үйлчилгээнд сар бүр 1000 төгрөг төлдөг. Энэ нь “үйлдвэрлэж” буй хогтой нь харьцуулахад хэд дахин бага юм.  Гэтэл нэг өрх сард дунджаар 5-6 торх хог гаргадаг. Хог ачилт удаашрах тусам хогийн хэмжээ нь 2-3 дахин өсдөг. Иймд хогийн үнийг нэмэх шаардлага байгааг Хот тохижуулах газар удаа дараа орон нутгийн удирдлагуудад хэлж байгаа ч иргэд үүнийг зөвшөөрдөггүй юм. Иймд дуудлагын хог ачилтын үйлчилгээ нэвтрүүлж иргэд өөрсдөө хүсвэл мөнгөө төлөөд хогоо ачуулж болох юм. Энэ үйлчилгээг өнгөрсөн хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн ч өнөөдрийн байдлаар Цагаанчулуут, Эрдэнэ, Говил багт л амжилттай хэрэгжиж байна.
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ