Эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2018-08-20 13:40:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны харьяа дүүргийн эмнэлгүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах хоёр өдрийн сургалт эхэллээ.
Сургалтыг Эрүүл мэндийн сайдын долдугаар сарын 20-ны тушаалаар жил бүрийн наймдугаар сарыг “Эрүүл мэндний ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгосон ажлын хүрээнд зохиож байна. Үүгээр мөн эрүүл мэндийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулж, ажлын байрны зохистой орчныг бүрдүүлэх замаар ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах зорилгын хүрээнд ажлын байрны эрүүл ахуйн стандарт шаардлагыг эргэн харж байна. Сүүлийн таван жилд 197 ААН-ийн 3518 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт судалгаа хийснээс 62 хувь нь эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй гарчээ. Тиймээс эрүүл мэндийн салбарт ажиллагчдын мэргэжлээс шалтгаалах өвчинд өртөх байдлын товч мэдээлэл, хөдөлмөрийн чадвар алдалтын судалгааг танилцуулах, эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд халдвар хамгааллыг сайжруулан ажилласнаар ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй орчинг бий болгох, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар тусгайлан хэлэлцэж байна.

Эрүүл мэндийн салбарт орчин үеийн техник хэрэгсэл, технологи нэвтэрч байгаагаас тухайн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах асуудал тавигдах боллоо. Сүүлийн таван жилд үйлдвэрлэийн осол нийт 1854 бүртгэгдэж, 1948 хүн осолд өртөж, 273 хүн амь насаа алджээ. Сүүлийн 2 жилийн байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нийт 3532 хүн идэвхтэй хяналтанд байгаагаас 117 хүнд тахир дутуугийн тэтгэвэр олгож, уламжлалт болон нөхөн сэргээх эмчилгээг 2634 хүнд хийж, 7659 хүнийг сувилалд хамруулсан байна.  
Д.Болор-Эрдэнэ
Холбоотой мэдээ