Малтай иргэдийг хориглосон бүсээс нүүлгэх ажил 97.5 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-18 13:33:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр нийслэлийн хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлж буй ажлын явцтай танилцлаа.
Засгийн газар болон НИТХ-ын тогтоолоор нийслэл хотод МАА эрхлэхийг хориглох бүсийг тогтоож мал бүхий иргэдийг Сонгинохайрхан дүүрэгт Нарийны хэсэг, төмөр замын 335-р гарам буюу Ногоон толгой, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Арцатын ам гэсэн гурван бүсэд суурьшихыг зөвшөөрсөн юм. Ажлын хэсгийн танилцуулснаар өнгөрсөн 8-р сараас эхэлсэн мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэн, шилжүүлэх ажил өнөөдрийн байдлаар  97.5 хувьтай байгаа аж. Хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 17-р хорооны иргэн Ц.Цэдэвдоржийнд очиж, малаа зөвшөөрсөн бүсэд гаргахыг хүссэн юм. Өмнө нь энэ талаар тухайн иргэнд мэдэгдэл хүргүүлж байсан ч иргэдийн эрхийг боогдууллаа хэмээн үзэж шүүхэд ханджээ. Засгийн газар, НИТХ-ын тогтоол нь хууль зөрчөөгүйг шүүхээр тогтоосон байна. Хотын дарга өөрийн биеэр үүнийг танилцуулж, хотыг ажлыг дэмжихийг хүслээ. Мөн “Монголд төдийгүй дэлхий нийтээр амьтнаас хүнд халдварладаг өвчлөлүүд нэмэгдэх хандлагатай байна. Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-уул дүүрэгт гоц халдварт шүлхий өвчин гарсан нь саяхан. Тийм учраас гаргасан тогтоолыг яаралтай хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Хэсэг бүлэг хүмүүсээс бусад 1.3 сая хүний эрх зөрчигдөж болохгүй. Нөгөө талаасаа хотод байгаа мал идэх ургамал багатай, хог иддэг, пивоны шаар өгч сүүний найрлага өөрчлөгддөг зэрэг асуудал бий. Бидний ажлыг ойлгож зөвшөөрсөн бүс рүү нүүх нь зүйтэй юм” гэв. Үүний дараа ажлын хэсэг Мал бүхий иргэдийн шинэ суурьшлийн буюу зөвшөөрсөн бүс Ногоон толгойд ажилласан бөгөөд энд дүүргүүдээс ирсэн 100 гаруй мал бүхий өрх суурьшсан байна. Хотын дарга тухайн хэсгийн иргэдийн төлөөлөлтэй уулзах үеэр төр засаг, нийслэлээс гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэж нүүж ирсэн иргэд, өрхийн байдалтай танилцах үеэр иргэд цахилгаан, худаг усны асуудлыг бүрэн шийдаж өгснийг дуулгаад, одоо нийтийн тээвэр, эмийн сан, мал эмнэлгийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй байна гэж байв.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Бид иргэдийг нүүлгээд орхих биш амьдрах бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх ёстой. Өнөөдрийн байдлаар 2 тэрбум төгрөгийн зардал гараад байна. Та бүхний саналыг сонслоо, бүхий л талаар дэмжиж, ажиллана. Нийтийн тээврийн газартай ярилцаад унааны асуудлыг яаралтай шийдэж өгөх болно. Мөн хувийн хэвшлүүдтэй уулзаж дэлгүүртэй болгоно. МАА эрхлэхэд газар жижигдээд байна гэж байна. Үүнийг нийслэлийн Газрын албатай ярилцаж сунгах боломж бололцоо байгааг судалж үзнэ. Мөн энэ хэсэгт малгүй иргэдийг суурьшуулахгүй. Зөвхөн мал бүхий иргэд энд байна. Нийслэлээс гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэж, нүүж ирсэн явдалд та бүхэнд талархснаа илэрхийлье” гэлээ.
 
 
Холбоотой мэдээ