Өрсөлдөх чадварын өсөлт хүн амын насжилтад нөлөөлөхгүй байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2018-08-13 12:29:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, орон нутгийн өрсөлдөх чадварын судаалгааг жил бүр хийж буй Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв орон нутгийн өрсөлдөх чадварын индексийг хүн амын насжилттай харьцуулж гаргахад өрсөлдөх чадварын өсөлт хүн амын насжилтад нөлөөлөхгүй байгаа нь харагджээ.
 
Судалгаагаар эдийн засгийн үзүүлэлт сайн, өрсөлдөх чадвартай аймгийн хүн амын дундаж наслалт тэр хэмжээгээр өндөр байх гэсэн зүйл ажиглагдаагүй, харин ч эсрэгээр өрсөлдөх чадвараар сүүлийн хэдэн жил сүүл мушгиж ирсэн, тухайлбал, Дундговь аймгийн иргэдийн дундаж наслалт улсдаа тэргүүлж байна. 1990 онд тус аймгийн хүн амын дундаж наслалт 63.70 байж 21 аймгаас долоод орж байжээ. 2017 оны үзүүлэлтээр тус аймгийн хүн амын дундаж наслалт 73.58 болж нэгт жагсаад байгаагаас харахад өнгөрсөн 27 жилийн хугацаанд дундаж наслалт 10 насаар нэмэгджээ. Тэгвэл хүн ам их суурьшиж, аялал жуулчлал хөгжиж буй  Хөвсгөлчүүдийн дундаж наслалт 2017 онд 66.18 буюу Дундговийнхноос 7.4 насаар бага буюу улсын дунджаас 4 орчим насаар бага байна. Энэ үзүүлэлтээр эдийн засаг, нийгмийн өрсөлдөх чадвар айхтар нэмэгдсэн ч хүн амын насжилтандаа төдийлөн нөлөөлөхгүй байгаа нь харагдана. Тодруулж хэлбэл, Монгол Улсын эдийн засгийн өсөлт иргэдийнхээ бодит амьдрал, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэгт бодит нөлөө үзүүлж чадахгүй байгаа нь ажиглагдах болжээ. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийг даган наслалт нэмэгдсээр байдаг ч энэ үзүүлэлт манай улсад харицан адилгүй, янз бүр байна.

 
Тодруулга: Монгол Улсын хүн амын дундаж наслалт 1990 онтой харьцуулахад 6.52 насаар нэмэгджээ. 1990 онд эрчүүдийн дундаж наслалт 60.37 байсан бол эмэгтэйчүүдийнх 66.22 буюу улсын дундаж наслалт 63.37 байж. Тэгвэл 2017 оны буюу 27 жилийн дараа энэ үзүүлэлт 69.89 болж нэмэгджээ. Хэдийгээр 1990 онтой харьцуулахад дундаж наслалт нэмэгдсэн ч энэ тоо жил бүр тасралтгүй өсч чадахгүй байна. 1990 онд хүн амын дундаж наслалт 63.37 байснаа 2000 онд дээрх үзүүлэлт 63.18 болж буурч, түүнээс хойш наслалт нэмэгдэж эхэлсэн байна. 2015 онд хүн амын дундаж наслалт 69.89 болсон ч 2016 онд 69.57 болж эргэн буурч, 2017 оны үзүүлэлтээр эргээд 2015 оны үзүүлэлт дээрээ очиж нэмэгдсэн байна. Үүнээс үзвэл Монгол Улсын дундаж наслалт жил бүр өсч чадахгүй, заримдаа буурч, заримдаа нэмэгдсэн байдалтай байна гэж судалгааны тайланд дурджээ.
 
Б.Болд
 
 
 
Холбоотой мэдээ