19-р цэцэрлэгийнхэн монгол ёс заншлын хичээлээр хүмүүжил олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Баян-Овоо сумын 19-р цэцэрлэг энэ жил 100 гаруй хүүхдийн орон тоотойгоор хичээллэж байна.
Тус цэцэрлэгийнхэн ардын уламжлалын зан заншил, монгол ёс хүмүүжлээр хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд бодлогоор анхаарч, сургалтын хөтөлбөртөө энэ чиглэлийн хичээлийг түлхүү оруулж байна. Ингээд “Монгол Ардын ёс заншлын өргөө”-г байгуулсан бөгөөд хүүхдийн орчныг бодит байдлаар ийн тохижуулсан учраас монгол ардын тоглоом наадгайгаар наадуулан уламжлалт ёс заншилд суралцаж хөгжих боломжийг олгож байгаа юм.
Анх “Говийн хөгжил” нэгдлийн өмчид тулгуурлан 1966 онд 1 бүлэгт 26 хүүхэд авч ажиллаж эхэлснээс хойш эдүгээ 49 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд орон нутаг болоод нөлөөллийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын дэмжлэг туслалцаатайгаар цэцэрлэгтээ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн гадаад дотоод орчноо тохижуулж, хамран сургалтыг жилээс жилд нэмэгдүүлэх, сургалтыг чанартай зохион байгуулах, хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэж, улмаар аймгийн тэргүүний цэцэрлэг болтлоо хөгжсөн юм.
Өмнөговь аймаг С.Сумьяа