Баруун бүсэд ХАА-н үйлдвэрлэл хөгжих боломжтой гэж дүгнэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-07 15:08:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг баруун бүсийг түшиглэн хөгжүүлбэл ашигтай гэсэн дүгнэлтийг АХБ-наас хэрэгжүүлсэн “Баруун бүсэд өртөг шингэсэн үйл ажиллагааг дэмжих” төслөөс гаргаад байна.
Монгол орны аль бүс нутагт ямар салбарыг хөгжүүлвэл ашигтай гэсэн судалгаагаар баруун бүсэд ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тэр дундаа малын тэжээлийн үйлдвэрийг байгуулах нь ашигтай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Учир нь аливаа үйлдвэрлэл явуулахад ус чухал бөгөөд манай улсын усны нөөцийн 56 хувь нь баруун бүсэд байна. Тиймээс усаа түшиглэн ХАА-н үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
АХБ-ны мэдээлэлд, “Баруун бүс нь төвийн бүсийг бодвол хөгжлийн түвшнээр харьцангуй доогуур байгаа ч тэнд  үйлдвэрлэлийн нөөц бололцоо их байна. Фермерийн аж ахуйг иж бүрнээр хөгжүүлэх боломж бүрдэх юм. Баруун бүсэд Монгол орны усны нөөцийн тэн хагас байна гэдэг тэнд ХАА-г хөгжүүлэх боломж байна гэсэн үг. Энэ боломжоо ашиглахгүй байна. Тухайлбал, социализмын үед баруун бүсэд өндөр хүчин чадал бүхий усалгаатай тариалан хөгжүүлэх 20 орчим усалгааны систем байсны ихэнх эвдрээд ашиглахгүй болсон. Эдгээрийг сэргээж баруун бүсийн усны нөөцөө үйлдвэрлэл эрхлэж ХАА-н талд ашиглахгүй бол дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр усны нөөц багассаар байх төлөв байдал бий” гэжээ.
Б.Болд
 
Холбоотой мэдээ