ӨМӨЗО-ы ААН-үүдтэй 460 сая ам.долларын гэрээ байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2018-07-04 14:29:44
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын ГХЯ, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар хамтран  “2018-Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт” зохион байгуулж,  хоёр улсын хөдөө аж ахуй, аялал жуулчлал, зам тээвэр, уул уурхайн салбарын ААН-үүд 460 сая ам.долларын өртөг бүхий 12 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
 
Чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар, ӨМӨЗО-ы Намын хорооны НБД Ли Жихөн, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважав, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шинь Хайминь тэргүүтэй албаны хүмүүс оролцож үг хэлэв. 
 
Монгол Улсын ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар “Манай хоёр орны худалдааны эргэлт эрчимтэй нэмэгдэж байна. Энэ өсөлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байгаа нь аль аль талын Засгийн газар худалдаанд саад болох үйл ажиллагаа явуулахгүй гэсэн тохиролцоо гэж ойлгож болно. Замын-Үүдийн боомт дээр үе үе гардаг асуудлууд ихэвчлэн захиргааны шинж чанартай байдаг. Энэ төрлийн хүндрэлийг бид шийдвэрлэж, шалган нэвтрүүлэх ажиллагааг сайжруулах хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдэд Хятад улстай хийх худалдааны эргэлт 30 орчим хувиар өссөн. Өнөөдрийн хийж буй 460 сая ам.долларын гэрээ хэлэлцээрүүд бүрэн хэрэгжихэд тодорхой цаг хугацаа шаардана. Гэвч хамтын ажиллагаа, худалдааныхаа үнэ өртгийг тохирчихсон байхад дараа нь өөрчлөгдөх боломжгүй. Тиймээс энэ төрлийн чуулга уулзалт манай эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой” хэмээн онцлов.
 
ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга Сэцэн “Өнөөдрийн форумыг зохион байгуулж буйн гол зорилго ӨМӨЗО-ны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг Монгол Улсад танилцуулан, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гаргахад оршиж байна. ӨМӨЗО болон Монголын соёл, зан заншил, ахуйн хувьд олон нийтлэг зүйл байдаг нь бизнесийн таатай орчинг бүрдүүлж байна гэж бид үзэж байна. Тиймдээ ч Монгол, БНХАУ-ын бизнесийн хамтын ажиллагааны 50 орчим хувийг ӨМӨЗО-ны бизнес эрхлэгчид эзэлж буй юм. Бид Монгол Улсын ойрын гурван жилийн бизнесийн чиг хандлага, гадны хөрөнгө оруулагчдад үзүүлэх хөнгөлөлтийн талаар судлах зорилготой байна” гэв. 
 
МХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважав “Монгол, Хятадын хамтын ажиллагааны уур амьсгал таатай байна. БНХАУ-ын дарга Си Жинпинь худалдааны эргэлтийг хоёр жилийн дотор 4 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилготой байгаагаас харахад хоёр талын бизнес эрхлэгчдийг их ажил хүлээж байна. Энэ их ажлыг хийхэд бид шинэ технологи нэвтрүүлж, Монгол Улсын нийт экспортын 60 гаруй хувийг эзэлдэг Хятад улстай харилцан ашигтай хамтран ажиллах, итгэл даахуйц ААН-үүдийн бэлтгэх хэрэгтэй. Сүүлийн дөрвөн жилийн эдийн засгийн хямралыг манай бизнес эрхлэгчид өөрсдийн хичээл зүтгэлээр давсан. 2013 онд бид татварын хөнгөлөлтийн хууль баталсан боловч одоо хэр нь энэ хөнгөлөлт эдлэгдэхгүй байна. Энэ асуудал УИХ-ын намрын чуулганаар шийдвэрлэгдэнэ гэж итгэж байна” хэмээн онцлов.
Л.Нандиа
Холбоотой мэдээ