Д.Дамба-Очир:Тавантолгойг хөдөлгөх нь эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын томоохон арга хэмжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-07-02 12:59:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа сэтгүүлчдэд танилцуулав.

Тус байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд байнгын хороо 14 удаа хуралдаж, давхардсан тоогоор 30 гаруй асуудал хэлэлцжээ. Мөн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх 10 гаруй ажлын хэсэг байгуулсан бөгөөд чуулганаар 4 хууль, 7 тогтоолыг эцэслэн баталж, олон улсын 4 гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцсөн гэдгийг байнгын хорооны дарга Д.Дамба-Очир мэдээллийн эхэнд онцлов.

Тэрбээр, "Байнгын хорооноос 2017 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн биелэлтийг нэгтгэн дүгнэж, 2019 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Энэ хүрээнд ХАА-н салбарын хөгжлийг эрчимжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, хөнгөн үйлдвэр, хүнсний салбар, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг тодорхой зорилт, арга хэмжээг үндсэн чиглэлд тусгасан. Ээлжит чуулганаар Таван толгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон бодлогын арга хэмжээ болж байна. Уг тогтоолд “Эрдэнэс-Таван толгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалж, Таван толгойн ордын дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэхээр тусгасан. Мөн Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Оюутолгой-Ханги, Таван толгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх, Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Таван толгойн ордыг түшиглэн барих асуудлыг тусгасан юм" гэлээ.
Монгол Улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал алхам болох Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийг хэлэлцэж баталсан. Ингэснээр зайлшгүй тохиолдолд төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх, уг хөрөнгийг тодорхой хугацааны дараа төсөвт буцаан төвлөрүүлэх, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэж байгааг байнгын хорооны гишүүд онцлов. Мөн Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр тус банкны мөнгөний бодлогын хорооны бүрэлдэхүүнийг УИХ-аар баталсан, Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Овоот-Арцсуурь боомт хүртэлх шинэ төмөр замын төслүүдийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгах тогтоол баталсныг дурьдлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Ундармаа, "Агаарын харилцааг либералчлах, агаарын хөлгийн багтаамжаас хамаарсан дарамт, хүчин чадлын дутуу байдлыг арилгах зохицуулалтыг "Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого"-д тусгасан. Монгол Улсын Засгийн газар макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2019 оны Үндсэн чиглэлд татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх, инфляцийг 8 хувьд барих, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас ихгүй байлгах, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татах зорилт, арга хэмжээг тусгасан байна. Эдийн засгийн өсөлтийг салбаруудаар авч үзвэл 2019 онд уул уурхайн салбар 6.3 хувиар, уул уурхайн бус салбар 8.4 хувиар, барилгын салбар 14 хувиар, үйлчилгээний салбар 8.6 хувиар тус тус өсөхөөр байгаа" гэлээ.

Мөн ээлжит чуулганы хугацаанд "Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл"-ийн төсөл, Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн гэдгийг мөн хэллээ.
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ