Автомашины замуудыг холбох талаар хоёр Солонгос зөвлөлдөх уулзалт хийж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-28 11:25:13
МОСКВА. /ТАСС/. Хоёр Солонгосын тээврийн яамны өндөр дээд тушаалын түшмэд автомашины замуудыг холбох тухай яриа хэлэлцээг өнөөдөр эхлүүлжээ. Автозамуудыг холбосноор алсдаа Умард Солонгосын нийслэл Пхеньян хотоос Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот хүртэл машинаар саадгүй зорчих боломжтой болох юм.
 
“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, зөвлөлдөх уулзалт хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд болж байгаа аж.
 
Зөвлөлдөх уулзалтаар Умард Солонгосын Кэсон болон Өмнөд Солонгосын Мунсан хот хооронд 19 км автозам барих асуудал яригдаж байгаа аж. Энэ замыг барьснаар Пхеньян болон Сөүл хүрэх замыг нэг замд холбох боломж бүрдэх юм байна.
 
Гэсэн хэдий ч цөмийн болон пуужингийн туршилт явуулсантай нь холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг нэвтрүүлсэн нь хоёр Солонгосын эдийн засгийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахад саад учруулж байгаа учир одоогоор талууд зөвхөн урьдчилсан маягаар судалгаа хийх талаар хэлэлцэж магадгүй гэж үзэж байна.

Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ