"Зулзагын гол" зусланд амарч байгаа хүүхдүүдэд гал, усны аюулаас сэргийлэх сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-06-27 21:59:13
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн 1 дүгээр ээлжинд амарч буй 135 хүүхдэд үер усны осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг ахиулах зорилгоор танхимын нэг цаг болон дадлагын 3 цагийн сургалтыг энэ сарын 27-ны өдөр хийлээ.

Дадлага сургуулиар гол усны осолд өртөгсдийн шалтгаан нөхцөл, түүнээс хэрхэн сэргийлэх мөн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх гал түймэр гарсан тохиолдолд хээрийн нөхцөлд хэрхэн унтраах, объектын нөхцөлд хэрхэн унтраах, гал унтраах анхан шатны багаж ажиллуулах зарчим зэрэг сэдвээр сургалт хийж хүүхэд багачуудын сонирхсон асуултад хариулж, гал унтраагуураар дадлага хийлгэсэн аж.

Зулзагын гол хүүхдийн зуслан нь ой мод элбэгтэй тул хүүхэд багачуудыг галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал гарсан тохиолдолд хэрхэн дуудлага өгөх, унтраах зэрэгт суралцах анхан шатны мэдлэгийг ийнхүү олгосон байна.

Дадлага сургуулиулалтыг аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга Б.Ганхүү удирдаж гал унтраах 54-р ангийн аврагч, гал сөнөөгчид сургалт, дадлагыг хийлгэжээ.

Цаашид тус зуслангийн багш нарыг сургаж дадлагажуулж ээлжийн амралтад ирж буй сурагч, хүүхэд багачуудад галын аюулаас урьдчилан сэргийлэх  тухай хичээлийг тогтмол  явуулж байхаар тогтсон байна.

Дархан-Уул аймгийн хэмжээнд байдаг ганц хүүхдийн зуслан нь энэ сарын 20-ны өдрөөс эхлэн хүүхдүүдээ хүлээн авч эхэлжээ. 
                                      
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ