Газрын дуудлага худалдаагаар 50 сая төгрөг төсөвт төвлөрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-04 14:20:00

Дундговь аймгийн ирэх оны төсвийн төсөлд газрын дуудлага худалдаан орлогыг төлөвлөөгүй байна. Харин төсвийн төсөлд  Аудитын газар дүгнэлт хийхдээ газрын дуудлага худалдаагаар орлого нэмэгдүүлэх боломж байгааг хэлж, газрын дуудлага худалдааны орлогыг төсөвт заавал тусгах нь зүйтэй гэсэн санал хэлсэн юм.

2015 оны эхний арван сарын байдлаар газрын дуудлага худалдаагаар 22 сая төгрөгийн орлого төвлөрч, төлөвлөгөөний биелэлт 44 хувьтай байгаа бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр энэ онд 142 мянган м.кв газрыг дуудлага худалдаагаар олгохоос 122 мянга 750 гаруй м.кв газар олгогдоогүй байна. Үүнийг зөвхөн анхны үнээр нь тооцож үзэхэд 49 сая төгрөгийн орлого орох боломж алджээ. Тиймээс ирэх онд газрын дуудлага худалдааны  орлогыг заавал төлөвлөх ёстой гэж аймгийн тэргүүлэх Аудитор Т. Оюунчимэг хэлсэн юм.

Мөн хог хаягдлын хураамжийг урьд оныхоос 16 сая төгрөгөөр бууруулж төлөвлөснийг урьд оныхтой адил буюу 51 сая төгрөгөөр нь төлөвлөх хэрэгтэй гэсэн юм. 2015 оны эхний арван сарын байдлаар 6.2 сая төгрөг хог хаягдлын хураамжаас төвлөрч, орлогын гүйцэтгэл дөнгөж 14 хувьтай, оны эцэс гэхэд 39 сая төгрөгөөр орлого тасрахаар байна. Гэхдээ аймаг,сумын ИТХ, Засаг дарга нар Хог хаягдлын тухайн хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлж, шат шатандаа анхаарч ажиллавал энэ орлого бүрэн төвлөрөх боломжтой гэж Аудитын газар дүгнэжээ.

Аудитын газрын орлого нэмэгдүүлэх тухай саналыг ИТХ- ын төлөөлөгчид хүлээн авч, ирэх оны аймгийн төсөвт газрын дуудлага худалдааны орлогыг оруулан 50 сая төгрөг төвлөрүүлэхээр төсвийг батлав.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ