С.Эрдэнэ: Нийгмийн даатгал 20-иос доошгүй жил төлсөн бол хамтын тэтгэвэр авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-03 17:30:47

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталсантай холбогдуулж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр Төрийн ордонд  мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэрбээр тус хуулийн төслийг 2014 оны нэгдүгээр сард УИХ-ын 7 гишүүн  өргөн мэдүүлснийг тэмдэглэв. Энэ хууль батлагдсанаар халамж эсвэл тэтгэвэр нэмэгдүүлж байна гэж ойлгох нь буруу гэдгийг салбарын сайд онцлоод “Тухайн ахмад настны амьдралын түвшинг бууруулахгүй, амьдралын чанарыг алдагдуулахгүй байх зорилго бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжих боломжийг хуульчилж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой. Ирэх оны төсөв батлагдсан, тиймээс уг хууль 2017 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжихээр болж байна. Хуулийн буцаан хэрэглэх хугацаа, хамрах хүрээ, хувь хэмжээг тухайн үеийн нийгэм, эдийн засгийн  нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газар тогтоохоор хуульчиллаа” гэв.

Ингэхдээ эдийн засгийн нөхцөл хүнд байсан ч ахмад настнуудад үзүүлж байгаа нийгмийн хамгааллын бодлого хэрэгжих ёстой бөгөөд хэрэгжилтийн бодит нөхцөлийг хангах, эрсдэл үүсгэхгүй байх үүднээс хамтын тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 20 хувь байхаар хуульчилсан байна. Хамтын тэтгэврийн тухай хуульд албан ёсоор гэрлэлтээ батлуулаад 15-аас доошгүй жил болсон, эхнэр нөхөр 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж, бүрэн тэтгэвэр авдаг иргэд бүрэн хамрагдах боломжтой аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 240 мянга орчим иргэн бүрэн тэтгэвэр авдаг бол 100 мянга гаруй иргэн  халамжийн тэтгэвэр авдаг байна. Хууль батлагдсантай уялдан хэрэгжилтийг хангах хүрээнд журмууд батлагдах бөгөөд судалгаа, тооцоолол зэрэг бэлтгэл ажлыг хангаснаар хуульд хамрагдах иргэдийн тоог салбарын яамнаас нэгтгэн гаргах аж.

Б.Туул

Холбоотой мэдээ