Оросын өдрөөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн шагнал гардууллаа

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-06-13 09:28:49
Москва /МОНЦАМЭ/. Өчигдөр 6 дугаар сарын 12-ны өдөр ОХУ даяарТусгаар тогтнолын өдөр буюу Оросын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. 1990 оны энэ өдөр Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос улсын төрийн тусгаар тогтнолын Тунхаглал баталж, 2001 оноос энэхүү өдрийг Оросын өдөр хэмээн бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ.
Баярын өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2017 онд эх орныхоо шинжлэх ухаан, урлаг соёл, техник технологи, хүмүүнлэгийн салбарын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 9 хүнийг Кремлийн ордонд хүлээн авч, төрийн дээд шагнал гардууллаа. ОХУ-ын Төрийн шагнал нь 1992 оноос олгогдож эхэлсэн тус улсын дээд шагнал бөгөөд шагналыг хүндэт тэмдэг, диплом, 5 сая рубль дагалддаг. 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин шагнал гардуулахын өмнө “Энэхүү баяр эрх чөлөөтэй, ирээдүйрүү тэмүүлсэн Оросын илэрхийлэл, олон зуун жилийн түүх, бидний өвөг дээдсийн ялалтын бэлгэ тэмдэг. Мөн эх орныхоо өмнө гавьяа байгуулсан иргэдийн баярын өдөр" хэмээгээд ОХУ-ын нийт ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Түүнчлэн Их Британийн хатан хаан II Элизабет, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын нэрийн өмнөөс тус улсын ТНБД  М.Помпео,Умард Солонгосын Ерөнхийлөгч Ким Жөн Ун Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко болон олон улсын байгууллагууд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон нийт Оросын ард иргэдэд баярын
мэндчилгээ ирүүлжээ.
Жил бүрийн Оросын өдрөөр ОХУ-ын хотуудад баярын арга хэмжээ ихээр өрнөдөг. Харин энэ удаагийн Оросын өдөр Хөлбөмбөгийн ДАШТ-ийн нээлтийн өмнөхөн болж буйгаараа онцлогтой.
Москва хотод хүрэлцэн ирсэн гадны зочдод тус хотын Хүндэтгэлийн дэнж дээр үндэсний хэв шинж, оросын ард түмний зочломтгой байдлыг харуулсан хамгийн том “Самоварфест” зохион байгуулагдаж буй юм. Харин баярын гол цэнгүүн ОХУ-ын төв талбай Улаан талбайд болох бөгөөдФ.Киркоров, О.Газманова, П.Гагарина, Л.Лещенко зэрэг Оросын алдарт дуучид ая дуугаа өргөх юм. Дашрамд дурдахад Оросын өдрөөр Москва хотод цаг агаар таагүй, аянга цахилгаантай ширүүн бороо ажиглагдаж буй учир хуурай мөс, шингэн азот, иоджуулсан мөнгө зэрэг тусгай бодис ашиглан Москвагийн тэнгэрт хурсан үүлийг зайлуулах ажиллагаа өрнөж байна.  Энэхүү ажиллагаанд Як-42, Ан-12, Ан-26 загварын 10 гаруй онгоц дайчлагдаж буй юм.
Л.Нандиа

Холбоотой мэдээ