3500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай эм тариа бусад зүйлээр тусална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-06-12 13:31:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдрийг тохиолдуулан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар /НХГБХГ/-ын, “Эрдэм од” ТББ-ын  дэргэдэх “Бяцхан од” цэцэрлэг хамтран эрсдэлт нөхцөлд амьдарч буй болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслалцаа үзүүлэх зорилготой үйл ажиллагааг өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааны хүрээнд 250 гаруй хүүхдэд хувцас, тоглоом, бичиг хэрэгсэл зэргийг бэлэглэсэн юм.  
НХГБХГ-ын Гэр бүл, хүүхэд хамгааллын мэргэжилтэн М.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Хүүхэд хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Гэрээр айлчлах" төсөл хэрэгжүүлж, зорилтот бүлгийн 10500 өрхийг хамруулахаар төлөвлөөд байна. Нийслэлд 3500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртгэлтэй. Тэдний гэр бүлд сургалт явуулж, шаардлагатай эм тариа бусад зүйлээр туслахаар зорьж байна” гэв.
“Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн эрх, хамгаалал зөрчигдөж байгаа. Нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхэлдэг 60 гаруй хүүхэд бүртгэгдсэн. Тэд ачаа зөөх, машин угаах, гар дээрээс худалдаа хийх зэрэг ажил хийдэг. Хүүхдийг хөдөлмөр эрхлүүлж байгаа эцэг эх, иргэд, байгууллагуудыг торгох, зорчих эрхийг хязгаарлах болон 6 сараас нэг жил хүртэл хорих ялаар шийтгэдэг”  хэмээн НХГБХГ-ын Гэр бүл, хүүхэд хамгааллын мэргэжилтэн  С.Тунгалаг ярив.
Б.Халиун
Холбоотой мэдээ