Хууль бус цагаачдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-03 13:33:17

СКОПЬЕ. /TASS/. Македон-Грекийн хилээр хууль бусаар нэвтрэхийг оролдсон хэдэн зуун цагаачийн эсрэг Македон улсын хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Тус улсын "Телеграф" сонинд мэдээлж буйгаар, дүрвэгсдийг тогтоон барихын тулд агаарт буудан анхааруулга өгсөн байна.

Македоны Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, Балканы хойгийн орнуудад нэвтрэхийг оролдож буй хууль бус цагаачдын тоо 300-400 болжээ.

Македон болон Грек хоорондын төвийг сахисан бүсэд одоогийн байдлаар Македоны хилээр нэвтрэхийг хориглосон эдийн засгийн цагаачдад тооцогдож байгаа 1500 хүртэл хүн байгаа аж. Эдгээр дүрвэгчийн дийлэнх нь Пакистан, Марокко, Иран гаралтай хүмүүс байна.

Зөвхөн зэвсэгт мөргөлдөөн болж буй орнуудын иргэдийг цаашид Баруун Европ рүү очиход нь дамжин өнгөрүүлэх зорилгоор нутаг дэвсгэртээ оруулна гэдэг шийдвэрийг Македоны эрх баригчид 11 дүгээр сарын 18-нд гаргажээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ